Сүмээс урсах гол
47 1 Дараа нь тэр намайг сүмийн үүдэнд буцааж авчрав. Харагтун, сүмийн босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь сүм зүүн тийш харсан байлаа. Ус нь доороос, сүмийн баруун гар талаас, тахилын ширээний хажуу, өмнө зүг талаар урсаж байв.* 2 Тэгээд тэр намайг хойд гулдан хаалгаар гадагш гаргаж, зүүн тийш харсан гаднах хаалга руу дагуулан тойруулан явав. Харагтун, баруун гар талаас ус алгуурхнаар урсаж байв.
3 Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. 4 Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. 5 Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв. 6 Тэр надад
—Хүний хүү! Үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцааж аваачив. 7 Намайг буцаж ирсэнд, харагтун, голын энэтээ тэртээ эрэгт маш олон мод байв. 8 Дараа нь тэр надад айлдахдаа
—Энэ ус зүүн нутаг руу урсаж, Араба руу уруудан очиж байгаа. Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. 9 Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. 10 Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байна. Тэдгээрийн загас нь төрлөөрөө Их тэнгисийн загас адил үлэмж их болно. 11 Гэвч түүний намаг болон балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно. 12 Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв. *
Газрын шинэ хил хязгаар
13 Эзэн БУРХАН ингэж айлдав.
—Та нар Израилын арван хоёр овгийн дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.a 14 Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг эцэг өвгөдөд чинь өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.
15 Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их тэнгисээс Хетлоны хоолойн замаар Зедад хүртэл, 16 Дамаскийн хил ба Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим, Хаураны хилийн дагуу байх Хазерхаттикон юм. 17 Хил нь тэнгисээс Дамаскийн хил дэх Хазар-Енанд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ нь хойд тал билээ.
18 Зүүн талд Хауран ба Дамаскийн дундуур уруудаж, Гилеад ба Израилын нутгийн дундуур урсдаг Йордан дагуу явсаар дорнын тэнгис, Тамар хүртэл та нар хэмжих ёстой.b Энэ нь зүүн тал.
19 Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-Кадешийн усыг хүртэл үргэлжлэн Египетийн горхи ба Их тэнгист хүрэх ёстой. Энэ нь урагшаа өмнөд тал.
20 Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-Хаматын хоолойн эгц харалдаа хүрэх ёстой. Энэ нь баруун тал.
21 Ийнхүү та нар Израилын овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун. 22 Та нар үүнийг өөрсдөдөө мөн та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн дунд чинь суугаа харийн хүмүүст өв болгон шавга орхин хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилын хөвгүүдийн дундах уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилын овгуудын дунд та нартай хамт тэдэнд шавгаар энэ нь ногдох болно. 23 Харь хүний амьдарч буй овог дотор, та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
- 47:1 Зех 14:8; Иох 7:38; Илч 22:1
- 47:12 Илч 22:2
- a47:13 хоёр хувь: Иосефын хоёр хүүд нэг нэг хувь ногдсон.
- b47:18 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.