Египет ба фараоны төлөөх харуусал

[dropcap32[/dropcap] 1 Арван хоёр дахь оны арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж
2 Хүний хүү чи, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан түүнд хэл.

“Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан.
Гэтэл чи далайн мангастай адил юм.
Чи урсгалуудаа сөрөн
Усыг хөлөөрөө булингартуулж,
Голуудыг нь бохиртуулав” гэж хэл.
3 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Одоо Би олон ард түмний чуулгантай хамт
Чиний дээр тороо хаяж,
Тэд чамайг тороор минь дээш татах болно.
4 Би чамайг газарт хаяж, хээр тал руу хөөнө.
Би тэнгэрийн бүх шувууг чам дээр оршоон
Бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.
5 Махыг чинь уулсын дээр тавьж,
Хүүрүүдээр чинь хөндийнүүдийг дүүргэх болно.
6 Би бас уулсад тултал нь чамаас гоожсон цусыг
Газарт уулгах болно.
Жалганууд ч чамаар дүүрэх болно.
7 Би чамайг сөнөөх цагт
Тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө.
Би нарыг үүлээр далдлан
Сар ч гэрлээ өгөхгүй.*
8 Огторгуйд гэрэлтэгч хамаг гэрлийг
Би чам дээр харанхуй болгож,
Газарт чинь харанхуйг тогтоох болно” гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9 “Би үндэстнүүдийн дунд,
Чиний мэдэхгүй газруудад
Сүйрлийг чинь аваачих үедээ
Үй олон ард түмний зүрхийг зовоох болно.
10 Би олон ард түмнийг чамаар балмагдуулна.
Би илдээ тэдний өмнөөс далайхад
Хаад нь ч чамаас болж салгална.
Чиний уналтын өдөр хүн бүр амийнхаа төлөө
Мөч бүрд тэд айн чичрэх болно.”
11 Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Вавилоны хааны илд нь чам дээр бууна.
12 Хүчтэнүүдийн илдээр Би
Олон түмнийг чинь унагах болно.
Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс юм.
Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,
Түүний хамаг ард олон нь устгагдах болно.
13 Бүх мал сүргийг нь
Их усны дэргэдээс Би устгана
Хүний хөл усыг дахин булингартуулахгүй
Малын туурай ч үүнийг бас булингартуулахгүй
14 Тэгээд Би усыг нь тогтуун болгож,
Голуудыг нь тос мэт урсгах болно” гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 “Би Египетийн нутгийг хоосруулахад
Дүүрч байсан юмсаасаа тэр газар хоосорч,
Дээр нь амьдардаг бүхнийг устгах цагт
Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

16 Энэ бол гашуудлын дуу, үүнийг хүмүүс дуулна, үндэстнүүдийн охид дуулна. Египет ба хамаг олон түмнийх нь төлөө тэд үүнийг гэнгэнэн дуулна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.

Египетийн төлөөх гашуудал

17 Арван хоёрдугаар оны тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж
18 Хүний хүү! Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг хүчирхэг гүрнүүдийн охидын хамт нүхэнд орогсод руу, доод ертөнц рүү буулга.
19 “Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?
Доош явж, хозлуулаагүй хүмүүстэй хамт ороо зас.”

20 “Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан тул түүнийг бас олон түмнийг нь аваад явсан. 21 Үхэгсдийн орноос хүчтэнүүдийн дундах удирдагчид нь туслахуудтайгаа «Хозлуулаагүй египетчүүд бууж ирлээ. Илдэнд хяргуулаад энд ирж хэвтлээ» гэж ярина.
22 Ассири тэнд байна. Түүний хамтрагчдынх нь булшнууд түүний эргэн тойронд байна. Бүгдээрээ алагдагсад, илдэнд унагсад болно. 23 Булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байх бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт тэд айдас төрүүлэгчид байсан тэд цөм алагдаж, илдэнд унасан байна.
24 Елам тэнд байна. Олон түмнийх нь булш түүний эргэн тойронд байна. Бүгдээрээ алагдагсад, илдэнд унаж, доод ертөнцөд очсон хозлуулаагүй хүмүүс болно. Амьдын газарт айдас төрүүлэгчид байсан тэд нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрнэ. 25 Тэд түүнд болон бүх олон түмэнд нь зориулан алагдагсдын дунд ор засах бөгөөд булшнууд нь түүнийг тойрон байрлана. Тэд бүгд хозлуулаагүй хүмүүс, илдэнд алагдагсад. Амьдын газарт айдас төрүүлэгчид байсан тэд ичгүүрээ үүрээд нүх рүү унаж, алагдагсдын дунд хэвтэнэ.
26 Мешех, Тубал болон бүх олон түмэн нь тэнд байна. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүс билээ. 27 Толгой доороо илднүүдээ дэрлэж, дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон руу явсан, хозлуулаагүй хүчтэнүүдийн дунд тэд хэвтэхгүй. Амьдын газарт айдас төрүүлэгчид байсан тэдний хилэнцийнх нь шийтгэл ясан дээр нь тавигдсан байна. 28 Харин чиний хувьд, хозлуулаагүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно.
29 Тэнд бас Едом хаадтайгаа, хамаг ноёдтойгоо байна. Хүч чадалтай байсан ч илдэнд алагдагсадтай хамт хэвтэнэ. Хозлуулаагүй хүмүүстэй, нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно.
30 Тэнд бас умардын тэргүүн нар бүгдээрээ байна. Хүч чадлаараа айлгадаг байсан сидончууд алагдагсадтай хамт ичгүүртэйгээр доошоо бууна. Тийнхүү тэд хозлуулаагүй хүмүүс, илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн.
31 Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан олон түмэн буюу өөрийнхөө болон бүх цэргийнхээ төлөө тайвшрах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32 «Хэдийгээр Би амьдын газарт түүнээс айх аймшгийг төрүүлсэн ч, Фараон ба хамаг олон түмэн нь хозлуулаагүй хүмүүсийн дунд илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.


  • 32:7 Иса 13:10; Мт 24:29; Мк 13:24–25; Лк 21:25; Илч 6:12–13, 8:12