Израилын ерөөл

36 1 Хүний хүү! Израилын уулсад эш үзүүл. “Израилын уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун. 2 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дайсан чиний эсрэг ‘Ха-ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов’ гэлцэж байна.»”
3 Тиймээс эш үзүүлэн хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэд чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь няцалсан. Ингэснээр чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн дунд базаахгүй үг, хэл амны бай болжээ.» 4 Тиймээс Израилын уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна. 5 Эзэн БУРХАН айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн эсрэг, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахдаа зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ»” гэв. 6 Тиймээс Израилын газрын тухай эш үзүүлж, уулс толгод, жалга хөндийнүүдэд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг амссан учир Би хардалт, хилэн дотроо айлдсан билээ.» 7 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд ичгүүрээ заавал үүрэх болно» гэж Би тангарагласан.”
8 “Харин Израилын уулс аа, та нар мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн Израилын төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ. 9 Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам руу эргэж, чи хагалагдан тариалагдах болно. 10 Би чиний дээр хүмүүсийг, Израилын бүх гэрийг бүгдийг нь олшруулна. Хотууд оршин суугчидтай болж, балгасууд сэргээн баригдана. 11 Би чиний дээр хүн амьтныг олшруулна. Тэд олширч, үржих болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандана. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 12 Тийм ээ, Би Өөрийн ард түмэн израилчуудыг чам дээгүүр явуулж, чамайг эзэгнүүлнэ. Тийнхүү та нар дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй өв нь болно.” 13 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Тэд чамд «Чи хүмүүсийг залгигч, өөрийнхөө үндэстнийг үр хүүхдээс нь хагацаагч» гэж хэлдэг. 14 Гэвч чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин үндэстнээ үр хүүхдүүдээс нь хагацаахгүй.” Тийнхүү Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 “Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи үндэстнээ дахин бүдрүүлэхгүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Израилын шинэчлэл

16 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж
17 Хүний хүү! Израилын гэр эх нутагтаа сууж байхдаа тэд замнал ба үйлсээрээ тэр газрыг бузарласан. Миний өмнө тэдний зам эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байлаа. 18 Тиймээс тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө Би хилэнгээ тэдний дээр асгасан. Тэд шүтээнүүдээрээ өөрсдийгөө бузарласан тул 19 Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн. Замнал ба үйлсийнх нь дагуу Би тэднийг шүүсэн юм. 20 Тэд очих ёстой улсууддаа очмогцоо ариун нэрийг минь бузарласан. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч Түүний газраас гарчээ” гэж яригдсан юм. 21 Израилын гэрийнхэн очсон үндэстнүүдийнхээ дунд ариун нэрийг минь бузарлаж байсан тул Би санаа тавина.
22 Тиймээс Израилын гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилын гэр ээ. Би та нарын төлөө бус, харин очсон үндэстнүүдийнхээ дунд та нарын бузарласан ариун нэрийнхээ төлөө ийнхүү үйлдэж байгаа юм. 23 Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан агуу нэрийнхээ ариуныг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би дунд чинь Өөрийнхөө ариуныг батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 24 «Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг газраас цуглуулж, эх нутагт чинь аваачих болно. 25 Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
26 Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.* 27 Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин биелүүлнэ. 28 Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно. 29 Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. Би үр тариаг дуудан үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна. 30 Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн улмаас тохуурхуулахгүйн тулд Би модны үр жимс, тариан талбайн ургацыг арвин болгоно. 31 Тэгээд та нар ёрын муу замнал, сайн бус үйлсээ санаж, хилэнц, жигшүүрт үйлсийнхээ төлөө нүднийхээ өмнө өөрсдийгөө жигшинэ. 32 Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдэгдэг. Израилын гэр ээ, замуудынхаа төлөө ичиж зовогтун»” гэв.
33 “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нарыг хамаг хилэнцээс чинь цэвэрлэх өдөртөө Би хүмүүсийг хотуудад суулгаж, балгасуудыг дахин барьж босгоно. 34 Зэлүүд энэ газар хагалагдах тул дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар гэж үзэгдэхээ болино. 35 Тэд ‘Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газар, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болжээ’ хэмээнэ. 36 Тэгээд ЭЗЭН Би нурсан газруудыг барьж байгуулан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно.»
37 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилын гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно. 38 Тахилын сүрэг адил, Йерусалимын тогтоогдсон баяр наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүнээр дүүргэгдэнэ. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.


  • 36:26–28 Езк 11:19–20