Хаалттай гулдан хаалга
44 1 Дараа нь Тэр намайг зүүн тийш харсан ариун газрын гадна талын гулдан хаалган дээр буцааж авчирсан бөгөөд тэр нь хаалттай байв. 2 ЭЗЭН надад айлдахдаа
—Энэ гулдан хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилын Бурхан ЭЗЭН үүгээр орсон. Тиймээс энэ нь хаалттай байх ёстой. 3 Ноёны хувьд, тэр ЭЗЭНий өмнө талх идэхээр тэнд суух болой. Тэрээр гулдан хаалганы үүдэн танхимаар орж, бас түүгээр гарч явах ёстой гэв.
Сүмд орох эрх
4 Дараа нь намайг Тэр хойд гулдан хаалгаар сүмийн урд дагуулж ирэв. Намайг харахад, үзэгтүн, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий сүмийг дүүргэсэн байв. Би нүүрээрээ унав. 5 ЭЗЭН надад айлдахдаа
—Хүний хүү! ЭЗЭНий сүмийн хамаг журам хийгээд бүх хуулийнх нь талаар Миний чамд айлдах бүгдэд зүрхээ хандуулан нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Сүмийн үүд ба бүх гарцад зүрхээ хандуул. 6 Израилын тэрслүү гэрт чи хэлэхдээ “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилын гэр ээ. Бүх жигшүүр чинь хангалттай. 7 Та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлол хийлгээгүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгосон. 8 Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.»
9 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрхээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлол хийлгээгүй аливаа гаднын хүн, Израилын хөвгүүдийн дунд буй бүх гаднынхнаас нэг нь ч ариун газарт минь орж болохгүй. 10 Израил төөрч явах үед Надаас холдсон левичүүд буюу шүтээнүүдийнхээ араас дагаж Надаас төөрсөн тэд хилэнцийнхээ шийтгэлийг үүрнэ. 11 Гэсэн ч тэд сүмийн гулдан хаалганд харуул, сүмд үйлчлэгч болж ариун газарт минь үйлчилнэ. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба бусад тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсоно. 12 Тэд шүтээнүүдийнхээ өмнө үйлчилж, Израилын гэрт хилэнц буруугийн бүдрэх чулуу болсон учраас Би тэдний эсрэг мутраа өргөв. Тэд шийтгэлээ үүрэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 13 «Тэд Надад тахилчийн албыг гүйцэтгэхээр Надад ойртохгүй, ариун юмсын минь алинд ч, ариунаас ариун юмсад ч ойртохгүй. Харин тэд доромжлол ба үйлдсэн жигшүүрүүдээ үүрнэ. 14 Гэсэн ч сүмийн бүх үйлчлэл, тэнд хийгдэх ёстой бүхэнд Би тэднийг авч, тэндхийн харуулаар томилох болно.
Левийн тахилч нар
15 Харин Израилын хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16 «Тэд үүргийг минь биелүүлэхийн тулд Надад үйлчлэн ариун газарт минь орж, ширээнд минь ойртох болой. 17 Тэд дотоод хүрээний гулдан хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хүрээний гулдан хаалганууд ба сүмийн дотор тэд үйлчилж байхдаа ноосон хувцастай байх ёсгүй.* 18 Толгойд нь маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй. 19 Тэд гаднах хашаа руу, ард түмэн рүү гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг гэмтээчихгүйнa тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой.* 20 Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч туг үснүүдээ урт ургуулж болохгүй. Толгойн үсээ зөвхөн тайрах ёстой. * 21 Тахилч нарын хэн нь ч дотоод хүрээнд орох үедээ дарс ууж болохгүй.* 22 Тэд бэлэвсэн эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилын гэрийн үр удмаас онгон охидыг эсвэл тахилчийн бэлэвсэн эхнэрийг авах ёстой.* 23 Түүнээс гадна тэд ард түмэнд минь ариун ба жирийний хоорондох ялгааг зааж, бузар ба цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой.* 24 Маргаанд тэд шүүхэд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний шүүлтийн дагуу шүүх ёстой. Тэд хамаг товлосон баяр дээр минь хууль, зарлигуудыг минь сахиж, Амралтын өдрүүдийг минь ариусгах ёстой. 25 Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно.* 26 Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой. 27 Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хүрээнд ариун газарт орох өдрөө нүглийнхээ тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
28 «Тэдний өвийн тухайд, Би тэдний өв нь юм. Та нар тэдэнд Израилд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би эзэмшил нь юм.* 29 Тэд идээн өргөл, нүглийн тахил, ялын тахилыг идэх бөгөөд Израил дахь аливаа хориг болсон зүйл тэднийх болой.* 30 Төрөл бүрийн үр жимсний анхны дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой. 31 Үхдэл юм уу, сэгчүүлж тасчуулсан аливаа шувуу эсвэл амьтныг тахилч нар идэх ёсгүй.*
- 44:17–18 Гэт 28:39–43; Лев 16:4
- a44:19 евр. ариулчихгүйн
- 44:19 Лев 16:23
- 44:20 Лев 21:5
- 44:21 Лев 10:9
- 44:22 Лев 21:7,13–14
- 44:23 Лев 10:10
- 44:25 Лев 21:1–4
- 44:28 Тоо 18:20
- 44:29–30 Тоо 18:8–19
- 44:31 Лев 22:8