Израилын хуурамч хоньчид

34 1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж
2 Хүний хүү чи, Израилын хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилын хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу? 3 Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг атлаа хонин сүргийг тэжээдэггүй. 4 Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлсэнгүй, өвчтэйг нь та нар эдгээсэнгүй, гэмтсэнийг нь та нар боосонгүй, бутарсныг та нар буцаасангүй, гээгдсэнийг нь та нар хайсангүй. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон. 5 Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тарцгаасан.* 6 Хонин сүрэг минь бүх уулаар, өндөр толгод бүрээр төөрөлдөж байна. Хонин сүрэг минь газрын бүх гадаргаар тархлаа. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга.»
7 Тиймээс хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс. 8 «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр хонин сүрэг минь олз болж, хоньчин дутагдсан тул хонин сүрэг минь хээрийн бүх араатны идэш болоход Миний хоньчид хонин сүргийг минь араас бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээж, хонин сүргийг минь тэжээгээгүй» гэв. 9 Тиймээс хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс. 10 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байна. Би тэднээс хоньдоо шаардаж, тэднээр хоньдыг тэжээлгэхээ болино. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээнэ. Харин Би хонин сүргээ тэдний идэш болгохгүйн тулд амнаас нь аварна»” гэж хэл.

ЭЗЭН Бурхан-жинхэнэ хоньчин

11 Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно. 12 Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно. 13 Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилын уулс, урсгалуудын дэргэд мөн тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газарт Би тэднийг тэжээх болно. 14 Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд бэлчээрлэх газар нь Израилын өндөр уулан дээр байна. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилын уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно. 15 Би сүргээ тэжээж хотлуулна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16 “Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.”
17 Хонин сүрэг минь ээ, та нарын тухайд Эзэн БУРХАН айлдахдаа “Харагтун. Би нэг хонь ба нөгөө хонины хоорондохыг, хуц ба ухнуудын хоорондохыг шүүх болно. 18 Сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах нь, тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү? 19 Миний сүрэг та нарын хөлөөрөө талхалсныг идэж, хөлөөрөө булингартуулсныг чинь уух ёстой болдог!” хэмээв.
20 Тиймээс Эзэн БУРХАН тэдэнд ингэж айлдаж байна. “Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь ба туранхай хонины хоорондохыг шүүх болно. 21 Та нар бөөрөөрөө бас мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн рүү эврээрээ мөргөж байгаа учраас 22 Би сүргээ аварч, тэд олз болохгүй. Би хонь хонины хоорондохыг шүүх болно. 23 Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчныг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээнэ. Тэр өөрөө тэднийг тэжээж, хоньчин нь болно.* 24 ЭЗЭН Би тэдний Бурхан нь болж, Миний зарц Давид тэдний дунд ноён болно. ЭЗЭН Би айлдсан билээ.*
25 Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм. 26 Би тэднийг болоод толгодын миньa эргэн тойрны газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр нь ерөөлийн бороо болох билээ. 27 Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би буулгыг нь эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 28 Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй. 29 Би тэдэнд алдрын ургамлыг ургуулан энэ газар дахь өлсгөлөнд дахин өртөхгүй, үндэстнүүдийн басамжлалыг цаашид тэд үүрэхгүй. 30 Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН Би тэдэнтэй хамт байгааг, Израилын гэр бол Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 31 “Та нар Миний хонинууд, бэлчээрийн минь хонинууд харин Би Бурхан чинь мөн” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.


  • 34:5 Тоо 27:17; 1Ха 22:17; Мт 9:36; Мк 6:34
  • 34:23 Илч 7:17
  • 34:24 Езк 37:24
  • a34:26 толгод: 20:40 үз.