Мөргөлийн дэг
46 1 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дотоод хүрээний зүүн зүг рүү харсан гулдан хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь Амралтын өдөр мөн шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой. 2 Ноён гаднаас гулдан хаалганы үүдэн танхимаар орж, гулдан хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил ба эвийн тахилуудыг ханган нийлүүлэх бөгөөд тэрээр гулдан хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин гулдан хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй. 3 Нутгийн ард олон Амралтын өдрүүд ба шинэ сарын баяруудаар мөнөөх гулдан хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой. 4 Амралтын өдөр, ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь согоггүй зургаан хурга, согоггүй нэг хуц байх болой. 5 Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой. 6 Шинэ сарын баярын өдөрт согоггүй залуу бух, бас согоггүй зургаан хурга, нэг хуцыг өргөх ёстой. 7 Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг ханган нийлүүлэх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 8 Ноён орохдоо гулдан хаалганы үүдэн танхимаар явж, гарахдаа тэр л замаараа явах ёстой.
9 Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд гулдан хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд гулдан хаалгаар гарч явах ёстой. Өмнөд гулдан хаалгаар орж ирэгч нь хойд гулдан хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн гулдан хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой. 10 Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, гарах үед нь тэр гарах ёстой.
11 Баяр наадам, товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 12 Ноён сайн дурын өргөлд шатаалт тахил эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон бэлтгэх үед зүүн тийш харсан гулдан хаалгыг түүнд нээх ёстой. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр шатаалт тахил ба эвийн тахилаа өргөнө. Тэгээд тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа гулдан хаалга хаагдах ёстой.
13 Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд согоггүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой. 14 Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл, ефагийн зургааны нэг сайн гурилыг багсрахын тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөлийн мөнхөд үргэлжлэх тогтоол энэ юм. 15 Ийнхүү байнгын шатаалт тахилд өглөө бүр тэд хурга, идээн өргөл, тосыг бэлтгэх ёстой.»
16 Эзэн БУРХАН ингэж айлджээ. «Хэрэв ноён өвөөсөө хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно. 17 Харин хэрэв тэр өвөөсөө зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь чөлөөлөлтийн жилa хүртэл түүнийх байна. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.* 18 Ноён ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, өвөөс нь авч болохгүй. Тэр хөвгүүддээ эзэмшлээсээ өв өгөх ёстой. Ингэснээр ард түмнээс минь хэн нь ч эзэмшлээсээ тараагдахгүй юм» хэмээгтүн” гэв.
19 Дараа нь тэр намайг гулдан хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан, тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв. 20 Тэр надад
—Тахилч нар ялын тахил, нүглийн тахил зэргийг чанаж, идээн өргөлийг жигнэх газар энэ юм. Тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олныг гэмтээхгүйнb тулд тэр болой гэв.
21 Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирч, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв. 22 Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв. 23 Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн дор чанах газрууд хийгдсэн байв. 24 Дараа нь тэр надад
—Эдгээр нь ард олны тахилуудыг сүмийн үйлчлэгчид чанадаг газрууд юм гэв.
- a46:17 чөлөөлөлтийн жил: Тавь дахь жил бүр бүх израилчууд өрнийнхөө улмаас зарцлагдаж байгаа израил хүн бүрийг чөлөөлөн явуулах ёстой. Мөн өрөнд өгөгдсөн газар угийн эзэндээ буцаж очих ёстой хууль байсан. Лев 25:8–55 үз.
- 46:17 Лев 25:10
- b46:20 евр. ариулчихгүйн тулд