Цуст хот

22 1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж
2 Хүний хүү, чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тийн аваас түүнд бүх жигшүүрийг нь мэдүүл. 3 Чи хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Төвдөө цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийнхөө эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо! Цаг чинь ирэв. 4 Чи урсгасан цусаараа яллагдаж, үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарлав. Чи өдрүүдээ ойртуулж, жилүүддээ хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд тохуурхуулж, хамаг газарт шоолуулах болно. 5 Нэрээ бузарласан хийгээд үймээн самуун ихтэй чамайг чиний ойр байгч ч, хол байгч нь ч шоолох болно.
6 Харагтун, эрх мэдлийнхээ хэрээр цус урсгах гэсэн Израилын захирагчид дунд чинь байсан. 7 Чиний дотор хүмүүс эцэг эхээ үл тоомсорлов. Дунд чинь буй цагаач хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.* 8 Чи ариун юмсыг минь жигшиж, Амралтын өдрүүдийг минь буртаглав.* 9 Дунд чинь цусанд улайрсан алуурчид байж, дунд чинь тэд уулын өндөрлөгт идэцгээв. Дунд чинь булай завхайрлыг тэд үйлдэв. 10 Дунд чинь тэд эцгүүдийнхээ нүцгэнийгa ил гаргажээ. Дунд чинь тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.* 11 Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Дунд чинь нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу эгч дүүгээ хүчирхийлэв. 12 Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.*
13 «Одоо харагтун, чиний олж авсан шударга бус ашиг, дунд чинь буй цус урсгалтаас болж Би нударгаа зангидна. 14 Би чиний эсрэг үйлдэх өдрүүдэд зүрх чинь тэсэж, гар чинь хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан л бол үйлдэнэ. 15 Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана. 16 Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.
17 ЭЗЭНий үг надад ирж
18 Хүний хүү, Израилын гэр Надад бохир хольц боллоо. Зууханд байгч мөнгөний хольц нь хүрэл, тугалга, төмөр, хар тугалга эд бүгд юм. 19 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Йерусалимын голд цуглуулах гэж байна. 20 Мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдаг шиг Би уур, хилэнгээрээ та нарыг цуглуулж, тэнд хайлуулна. 21 Би та нарыг цуглуулж, хилэнгийнхээ галаар хөөрөгдөх бөгөөд та нар үүн дотор хайлна. 22 Мөнгө зуухан дотор хайлдаг шиг та нар үүн дотор хайлах болно. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ цутгасан гэдгийг та нар мэдэх болно” гэв.
23 ЭЗЭНий үг надад ирж
24 Хүний хүү, түүнд хэл. “Чи зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, хураар услагдаагүй газар юм. 25 Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний ноёдын хуйвалдаан байна. Тэд хүний амийг залгисан. Тэд эрдэнэс, үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов. 26 Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жирийнээ ялгасангүй, бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.* 27 Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд хүний амийг хөнөөснөөрөө олзоо зулгааж буй чононуудтай адил юм. 28 Эш үзүүлэгчид нь хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна» гэж хэлснээрээ тэдэнд шохой түрхжээ. 29 Энэ газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, цагаач хүмүүсийг шударга бусаар дарлаж байна. 30 Би энэ нутгийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй. 31 Тиймээс Би дээр нь зэвүүцлээ асгалаа. Би уурынхаа галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би толгой дээр нь хариу болгон буулгав” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.


  • 22:7 Гэт 20:12, 22:21–22; Дх 5:16, 24:17
  • 22:8 Лев 19:30, 26:2
  • a22:10 хойд эхтэйгээ нөхөцсөн гэсэн утгатай.
  • 22:10–11 Лев 18:7–20
  • 22:12 Гэт 22:25, 23:8; Лев 25:36–37; Дх 16:19, 23:19
  • 22:26 Лев 10:10