Ариун танхим ба гадаад хэрэм
42 1 Тэгээд тэр хойд зүгийг чиглэн намайг гаднах хашаанд авчирч, улмаар тусгаарлах зай руу харсан барилга руу намайг дагуулж ирэв. Уг барилгын харалдаа хойд зүг рүү харсан барилга байв. 2 Зуун тохой уртынх нь дагуу явахад дотоод хүрээний хойд хаалга хүрч байлаа. Өргөн нь тавин тохой байв. 3 Дотоод хүрээнд хорин тохой тусгаарлах зай байдаг бол, гурван давхар барилгатай харалдаа байх хойд зүг рүү харсан барилгын өмнүүр гадаад хашаанд хамаарах нарийн зам байх ажээ. 4 Танхимт барилгуудын дундуур арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь нэг тохой, хойд зүг рүү харсан талдаа байрлажээ. 5 Байшин дахь доод, дунд давхрын танхимууд илүү их зайг эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв. 6 Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тиймээс дээд давхрын танхимууд нь доод, дунд давхрынхаас арай бага байв. 7 Гаднах хашаа руу харсан барилгатай залгаа, гаднах хашаатай харалдаа нэгэн ханан хашаа байсан бөгөөд урт нь тавин тохой байв. 8 Учир нь гаднах хашаанд хамаарах барилгын урт нь тавин тохой байв. Харагтун, сүмийн талд байгаа барилгын урт нь зуун тохой байв. 9 Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн рүү орох үүд зүүн зүг рүү харсан талд нь байв.
10 Өмнө зүгт дотоод хүрээнд бас адил өргөнтэй, тусгаарлах зай болон сүм рүү харсан танхимт барилга,a 11 тэдний өмнүүрх зам байлаа. Тэдгээр танхимт барилгууд нь хойд зүгт байдаг барилгуудтай адил урт, өргөнтэй бөгөөд бүх гарц үүднүүд нь адил байв. 12 Өмнө зүг талдаа байгаа барилгатай залгаа ханан хашааны үзүүрт буюу зүүн зүг талдаа эдгээр барилга руу орох үүд нь байлаа.
13 Дараа нь тэр надад
—Тусгаарлах зай руу харсан хойд танхимт барилга ба өмнөд танхимт барилгууд нь ЭЗЭНд ойртох тахилч нарын ариунаас ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэр газар ариун тул тэнд тэд ариунаас ариун юмс, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил зэргийг тавих болой. 14 Тахилч нар дотогш орвол үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа руу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцас нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд ойртож болно гэв.
15 Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүг рүү харсан гулдан хаалгаар гадагш гаргаж, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив. 16 Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой болов. 17 Тэр хойд талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой байв. 18 Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. 19 Тэрээр баруун тал руу эргээд, хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. 20 Тэр түүнийг дөрвөн талаас нь хэмжив. Энэ нь ариуныг жирийнээс зааглахын тулд эргэн тойрондоо хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуун тохой байв.
- a42:10 Энэ эшлэлийн эх бичвэр дэх утга тодорхойгүй.