Шүтээн шүтэгчдийн амсах шийтгэл
6 1 ЭЗЭНий үг надад ирж
— 2 Хүний хүү, Израилын уулсын зүг нүүрээ хандуулан тэдний эсрэг эш үзүүл. 3 “Израилын уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалганууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илд авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгах болно. 4 Тиймээс тахилын ширээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана. 5 Би мөн Израилын хөвгүүдийн цогцсыг шүтээнүүдийнх нь өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана. 6 Бүх оршин суух газруудад чинь хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд эвдрэн эцэслэнэ. Энэ нь тахилын ширээнүүд чинь хаягдан эзгүйрч, шүтээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь цавчигдан унаж, ажил үйл чинь арчигдахын тулд юм. 7 Алагдагсад та нарын дунд унахад та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
8 Харин Би заримыг чинь үлдээнэ. Та нар илднээс зугтаан үндэстнүүдийн дунд очих үед, улсуудын дунд та нарыг тараах тэр цагт, 9 Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж, Миний хэрхэн шаналсныг олзлогдоод очсон үндэстнүүдийнхээ дунд та нарын хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно. 10 Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ гай гамшгийг тэдэнд учруулна гэж дэмий хэлээгүй.
11 Эзэн БУРХАН айлдаж байна. Алгаа хавсран хөлөө дэвслэн байж, ай хөөрхий! Израилын гэрийн ёрын жигшүүрт хамаг юмны улмаас илд, өлсгөлөн, тахлаар тэд унах болно! гэж хэл. 12 Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь болон бүслэгдсэн хүмүүс нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ. 13 Тэдний алагдсан хүмүүс тахилын ширээнүүдийнх нь эргэн тойронд, шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнхөө хамаг шүтээнд тааламжит үнэрийг өргөсөн газартаа хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 14 Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би мутраа тэдний эсрэг сунгаж, Диблаг чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлж зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.»”