Сүмд цог жавхлан эргэн ирсэн нь

43 1 Дараа нь тэр зүүн зүг рүү харсан гулдан хаалган дээр намайг дагуулж ирэв. 2 Харагтун, Израилын Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.* 3 Энэ үзэгдэл нь хотыг устгахаар Түүнийг ирэх үед миний үзсэн үзэгдэлтэй адилхан бөгөөд Хебар голын дэргэд миний үзсэн үзэгдэлтэй адил байсан тул би нүүрээрээ хөсөр унав. 4 ЭЗЭНий цог жавхлан нь зүүн тийш харсан гулдан хаалгаар сүмд орж ирэхэд 5 Сүнс намайг өргөж, дотоод хүрээнд авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан сүмийг дүүргэв. 6 Дараа нь миний хажууд нэг хүн зогсож байх зуур сүмээс хэн нэгэн надад өгүүлэхийг би сонсов. 7 Тэр надад
—Хүний хүү! Энэ бол Израилын хөвгүүдийн дунд мөнхөд орших газар минь буюу Миний сэнтийний газар, хөлийн минь ул гишгэх газар юм. Израилын гэр болох тэд ч, тэдний хаад ч садарлал ба үхсэн хаадынхаа хүүрээр ариун нэрийг минь дахин бузарлахгүй. 8 Тэд босгоо Миний босгоны дэргэд, хатавчаа Миний хаалганы хатавчийн дэргэд босгосноор Миний ба тэдний хооронд хана бий болгосон бөгөөд тэд үйлдсэн жигшүүрүүдээрээ ариун нэрийг минь бузарласан. Тиймээс Би уур дотроо тэднийг шатаав. 9 Одоо тэд садарлал ба хаадынхаа хүүрийг Надаас маш хол зайлуулаг. Би дунд нь мөнхөд орших болно.
10 Хүний хүү чиний хувьд, Израилын гэрийнхэн хилэнц буруугийнхаа улмаас ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл. 11 Тэд хийсэн бүхнээсээ ичих аваас тэдэнд сүмийн загвар, түүний бүтэц, гарах орох үүд, хамаг загвар ба хамаг журам, ба хамаг хуулийг нь мэдүүл. Тэд бүхэл загвар, хамаг зааврыг нь сахин мөрдөхийн тулд нүднийх нь өмнө үүнийг бич. 12 Сүмийн заавар нь ийм юм. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь ариунаас ариун байх ёстой. Харагтун, сүмийн заавар нь энэ юм.

Тахилын ширээ

13 Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээснүүд нь ийм буюу. (Нэг тохой дээр алганы эн нэмснийг тохой гэнэ.) Суурийн өндөр нь нэг тохой, өргөн нь нэг тохой, хүрээ эмжээр нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр болой.* 14 Газар дээрх сууриас доод хэсэг хүртэл хоёр тохой, өргөн нь нэг тохой байх болой. Доод хэсгийн булангаас их хэсгийн булан хүртэл дөрвөн тохой, өргөн нь нэг тохой болой. 15 Дээр нь тахилын ширээний зуух нь дөрвөн тохой, тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв. 16 Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн тэг дөрвөлжин байх болой. 17 Зуухны тавцан нь дөрвөн талдаа арван дөрвөн тохой урт, арван дөрвөн тохой өргөн, тойрох тавцан нь хагас тохой, хөвөө нь эргэн тойрондоо нэг тохой, гишгүүрүүд нь зүүн зүгт харсан байна гэв.
18 Тэр надад айлдахдаа
—Хүний хүү! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цус цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан заавар ийм байна. 19 Надад үйлчлэхээр Надад ойртох, Задокийн үр удмаас гаралтай тахилч левичүүдэд нүглийн тахилд залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 20 “Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр мөн булангийн дөрвөн өнцөг, тойрох захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүлэл үйлдэх ёстой. 21 Нүглийн тахил болох бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, сүмийн тогтоосон газарт шатаагдах ёстой. 22 Хоёр дахь өдөрт согоггүй ухныг нүглийн тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой. 23 Түүнийг цэвэршүүлж дуусаад согоггүй бух мөн бог малаас согоггүй хуцыг өргөх ёстой. 24 Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирч, тахилч нар эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой. 25 Долоо хоногийн турш нүглийн тахилд өдөр бүр ямаа бэлтгэ. Бас согоггүй бух, мөн бог малаас хуц бэлтгэх ёстой. 26 Долоо хоногийн турш тэд тахилын ширээний төлөө эвлэрүүлэл үйлдэж, түүнийг цэвэршүүлэх ба тийнхүү тэд тэр ширээг ариусгах ёстой. 27 Энэ хоногуудыг дуусгахад найм дахь өдөр ба түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр шатаалт тахилууд ба эвийн тахилуудыг чинь өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.*


  • 43:2 Езк 10:3–4,18–19, 11:22–23; Илч 1:15
  • 43:13–17 Гэт 27:1–2; 2Шс 4:1
  • 43:27 Гэт 29:35–37