Бурханы далайсан илд

21 1 ЭЗЭНий үг надад ирж
2 Хүний хүү, нүүрээ Йерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг, Израил нутгийн эсрэг эш үзүүлэгтүн. 3 Израилын газар нутагт хэл. “ЭЗЭН ингэж айлдлаа. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би илдээ хуйнаас нь сугалж, дотроос чинь зөвт ба буруутын аль алийг тасална. 4 Дундаас чинь Би зөвт ба буруутын аль алийг нь таслахаар илд минь хуйнаасаа сугарч, өмнөдөөс умард хүртэл бүх махбодын эсрэг явна. 5 Ийнхүү ЭЗЭН Би илдээ хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махбод мэдэх болно. Түүнийг буцааж хийхгүй»” гэж хэл. 6 Харин хүний хүү чиний хувьд, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал. 7 Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээвэл чи “Ирж буй мэдээнд. Хамаг зүрх зориг нь мохож, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт чичирнэ. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд биелнэ. Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.
8 Дахиад ЭЗЭНий үг надад ирж,
9 Хүний хүү, эш үзүүл. “Эзэн ингэж айлдаж байна.

«Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдөв.
10 Аллага хийхээр хурцлагдаж,
Аянга мэт гялбуулахаар өнгөлөгдөв.
Хүүгийн минь таяг нь
Дэг бүрийг жигшиж байна.
Бид баясах юм уу?a
11 Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн.
Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.
12 Хүний хүү, хашхиран цурхир.
Учир нь тэрээр ард түмний минь эсрэг,
Израилын бүх түшмэлийн эсрэг юм.
Тэднийг ард түмэнтэй минь хамт
Илдэнд өгсөн учир гуяа цохь.

13 Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байнаb” гэв.

14 “Тиймээс хүний хүү, эш үзүүлэн алгаа таш.
Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго.
Энэ бол тэднийг хүрээлсэн их аллагын илд юм.
15 Энэ нь тэдний зүрхнүүд хайлж,
Бүх гулдан хаалган дээр нь
Олон хүн унахын тулд юм.
Надад гялалзсан илд өгөгдсөн.
Аяа! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж,
Алахад бэлэн болгож ирлэжээ.
16 Баруун тийш ч, зүүн тийш ч довтол.
Царай чинь хаа зүглэнэ, тийшээ яв.c
17 Би бас алгаа ташиж, хилэнгээ намдаана.
ЭЗЭН Би айлдлаа.”
18 ЭЗЭНий үг надад ирж
19 Хүний хүү, чи Вавилоны хааны илд ирэх хоёр замд тэмдэг тавь. Тэр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хотыг чиглэх замын эхэнд тавь. 20 Аммоны хөвгүүдийн Рабба руу эсвэл Иуда руу, бэхлэгдсэн Йерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой. 21 Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элэг шинжиж байна. 22 Баруун гарт нь “Йерусалим руу” хэмээх мэргэ төлгө таарсан нь хэрэм эвдэгчийг тавьж, аллагад зориулан ам нээж, чанга дуугаар уухайлж, хэрэм эвдэгчүүдийг гулдан хаалганы зүг чиглүүлж, овоо босгож, далан ухахын тулд юм. 23 Энэ нь тэдний нүдэнд худал мэргэ төлгө мэт болно. Тэд тангараг тавьсан билээ. Гэвч тэднийг баривчлуулахын тулд тэрээр хилэнцийг сануулжээ.
24 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нарын хилэнцийг сануулж, гэмт үйлдлийг чинь дэлгэсэн бөгөөд ингэснээр бүх нүгэл, хамаг үйлдэл чинь үзэгдэв. Та нарт сануулсан учир та нар гарт авагдах болно. 25 Харин Израилын бузар муу агаад гэм буруут ноён чиний төгсгөл, шийтгэлийн цаг, өдөр чинь иржээ.” 26 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз. 27 Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Эрхт Нэгэнийг ирэх хүртэл тэр нь тогтохгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө.”
28 Хүний хүү чи, эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд ба доромжлолынх нь тухай ингэж айлдаж байна” гэж хэл. “Илд, илд сугалагдсан, аянга мэт байж залгихын төлөө аллагад өнгөлөгдсөн байна. * 29 Чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж, худал хуурмагийг төлгөлсөөр, тэд чамайг өдөр нь ирж шийтгэлийн цаг нь болсон эдгээр бузар буруутуудын хүзүүн дээр байрлуулж байна. 30 Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн, үүссэн газарт чинь Би чамайг шүүнэ. 31 Би чиний дээрээс зэвүүцлээ асгаж, хилэнгийнхээ галаар чам руу тургих бөгөөд алж устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана. 32 Чи галын түлээ, газарт шингэх цус болно. ЭЗЭН Би нэгэнт айлдсан тул чи дурсагдахгүй” гэв.


  • a21:10 эсвэл Тэнд шийтгэл айсуй; Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • b21:13 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • c21:16 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • 21:28–32 Иер 49:1–6; Езк 25:1–7; Амо 1:13–15; Зеф 2:8–11