Соломоны мэргэн үгс

10 1 Соломоны сургаалт үгс.

Мэргэн хүү эцгээ баярлуулна
Мунхаг хүү эхийгээ зовооно.
2 Буруугаар олдсон эрдэнэс ашиг эс авчирна
Зөвт байдал үхлээс гэтэлгэнэ.
3 Зөвт хүний өлсөхийг ЭЗЭН тэвчихгүй
Буруу явдалтны шуналыг Тэр зөвшөөрөхгүй.
4 Хойрго лазан гар ядуу зүдүүг авчирна
Хичээл зүтгэлтэй гар баян чинээлэг болгоно.
5 Ухаалаг хүү зунаар жимс түүнэ
Ургацын цагаар нойрсогч хүү ичгүүрийг хураана.
6 Зөвтийн тэргүүн дээр ерөөл оршино
Буруутын аманд хүчирхийлэл нуугдана.
7 Зөвтийн тухай дурсамж ерөөл байдаг бол
Буруутын нэр нь хүртэл ялзарна.
8 Мэргэн зүрхтэй нь зааврыг авна
Мунхаг чалчаа нь сүйрч одно.
9 Өөлөх гэмгүй явагч нь аюулаас ангид.
Замаа мурийлгагч нь илчлэгдэнэ.
10 Нүдээ ирмэгч гай тотгорыг авчирна.
Мунхаг чалчаа сүйрч одно.a
11 Зөвтийн ам амийг ундруулна
Буруутын ам хүчирхийллийг нууцална.
12 Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлнэ.
Үнэн хайр элдэв хилэнцийг халхална.*
13 Ухаарагчийн амнаас мэргэн ухаан олдоно
Ухвар мөчдийн нуруунд саваа мод зориулагдана.
14 Мэргэд мэдлэгийг хуримтлуулна
Мунхгийн ам мөхөлд хүргэнэ.
15 Хөрөнгө мөнгө нь баячууддаа бэхлэлт
Хомсдол гачаал нь ядуустаа балгас
16 Зөвтийн ацаг хөлс нь амь амьдрал
Буруутын авах хувь нь ял шийтгэл.
17 Сургамжийг сахидаг хүн амийн харгуйгаар явна
Зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрлийн жимээр одно.
18 Хорслоо нуугч худалч уруултай
Хов зөөгч мунхаг сэтгэлтэй.
19 Үг олшроход алдаа зайлшгүй
Хэрсүү ухаантай нь хэлээ захирна.
20 Зөвтийн хэл цэвэр мөнгө
Буруутын зүрх үнэ цэнгүй.
21 Зөвтийн уруул олныг тэжээнэ
Мунхгуудын ухаан өөрсдийгөө хөнөөнө.
22 ЭЗЭНий ерөөл баяжуулах агаад
Элдэв зовлон үүн дээр эс нэмнэ.
23 Мунхаг хүн булай явдлаар цэнгэнэ
Мэргэн хүн ухаан билгээр баясна.
24 Буруутын дээр айдас нь биелнэ
Зөвтийн хүсэл нь зөвшөөрөгдөнө.
25 Хуй салхи шуурчээ, гэм буруутууд алга болжээ.
Харин зөвт хүмүүс мөнхийн суурьтай ажээ.
26 Залхуу хүн заран илгээгч нартаа
Шүдэнд орсон цууb, нүдэнд орсон утаа мэт.
27 ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг
Бурууг үйлдэгчдийн он жилүүд богиносдог.
28 Зөвтийн найдвар баяр хөөр авчирна
Буруутын хүлээлт хоосон хоцорно.
29 ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг
Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.
30 Зөвт нь мөнхөд үл ганхана
Буруут нь газрыг эс өвлөнө.
31 Зөвтийн ам мэргэн ухааныг гаргана
Хорон хэл харин огтлогдоно.
32 Зөвтийн уруул зөвшөөрөгдөх үгийг хэлнэ
Буруутын ам хор хөнөөлийг л тарина.


  • a10:10 Эх бичвэртээ 8-р эшлэл давтагдана.
  • 10:12 Иак 5:20; 1Пт 4:8
  • b10:26 Шүд гэмтээж мэдэх хэт хүчиллэг цагаан цуу.