14 1 Мэргэн эмэгтэй гэрээ босгоно
Мунхаг эмэгтэй гардан нураана.
2 Чигч алхагч хүн ЭЗЭНээс эмээдэг
Замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.
3 Мунхгийн ам нуруундаа саваа дуудна
Мэргэний уруул өөртөө хамгаалалт авчирна.
4 Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон
Шарын хүч байх аваас орлого арвин.
5 Гэрч итгэмжит аваас үл хуурах
Гэрч хуурамч болбоос худал үгс урсгах.
6 Басамжлагч хүн мэргэн ухааныг хайвч эс олно
Ухаарагч хүнд мэдлэг нь хялбархан байна.
7 Мунхгаас хол бай
Мэдлэг ухааны үгийг чи түүнээс сонсохгүй.
8 Хэрсүүгийн ухаан нь замаа ухаарч ойлгодог
Мулгуугийн мунхаглал нь өөрийгөө төөрүүлдэг.
9 Ялын тахилыг мунхгууд басаж,
Бурханы таалалд чигч шударга хүн баясна.
10 Зовогч зүрх зовлонгоо мэднэ
Гаднын хүн баяр хөөрийг нь үл хуваалцана.
11 Гэм буруутнуудын өргөө нурна
Чигч шударга хүмүүсийн овоохой дэвжинэ.
12 Хүнд өөрт нь зөв мэт харагдавч
Хожим нь үхэлд хүргэх зам бий. *
13 Инээж байвч зүрх хөндүүрлэж болох
Хөөрөн баясахын эцэст уй гашуу ирж ч болох.
14 Тэрслүү зүрхтэн замнаснаараа авна
Сайн хүн үйлдсэнээрээ хүртэнэ.
15 Гэнэн хүн үг бүхэнд итгэнэ
Хэрсүү хүн алхмаа ухаарна.
16 Мэргэн хүн эмээж, муугаас зайлсхийдэг
Мунхаг хүн ихэрхэж адгадаг.
17 Цочмог ууртай хүн мулгууг үйлдэнэ
Башрыг сэдэгч хүн үзэн ядагдана.
18 Гэнэн хүмүүс мунхаглалыг эзэмшиж
Ухаалаг хүмүүс мэдлэгээр титэмлэнэ.
19 Сайны өмнө муу нь сөгдөнө
Зөвтийн үүдэнд буруутан сөхөрнө.
20 Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх атал
Баян хүнд найз нөхөр олон.
21 Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн мөн
Ядуу зүдүүг нигүүлсэгч ерөөлтэй еэ!
22 Ёрын мууг сэдэгсэд төөрөгдөлд хүрэх бус уу?
Харин сайныг сэдэгсэд хайр энэрэл ба үнэнийг олно.
23 Зүтгэл бүхэн ашиг авчирдаг
Хоосон яриа ядууралд хүргэдэг.
24 Мэргэдэд мэргэн ухаанa нь титэм
Мунхгуудад тэнэглэх нь цэцгэн титэмb.
25 Үнэнч гэрч нь амийг аврагч
Худлыг тургигч нь итгэлийг эвдэгч.
26 ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл байдаг
Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох газар болдог.
27 ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга
Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.
28 Олон ард нь хааны сүр хүч
Цөөн албат нь ноёны мөхөл.
29 Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн
Түргэн зан гаргах нь мунхаглалыг өргөмжлөхтэй адил.
30 Амгалан зүрх амийг өгдөг
Атаа тачаал ясыг ялзруулдаг.
31 Ядууг дарлах нь
Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг.
Үгээгүйд элэгсэг хандагч нь
Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг.
32 Буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдана
Зөвт нэгэн үхсэн ч хоргодох газар олно.
33 Мэргэн ухаан, ухаардаг хүний зүрхэнд нутаглана
Мунхгуудын зүрхнээс тэр олдохгүй.
34 Зөв шударга ёс улсыг бадраана
Гэм нүгэл ард түмнийг гутаана.
35 Хэрсүү зарц хааны тааллыг хүртэнэ
Гутамшгийг үйлдэгсэд хааны хилэнг амсана.
- 14:12 Сур 16:25
- a14:24 эсвэл баялаг
- b14:24 эсвэл мунхаглал