21 1 Хааны зүрх ЭЗЭНий мутар дахь усны урсгал
Хаа таалсан зүгтээ Тэрээр хааныг чиглүүлнэ.
2 Хүний зам өөрийнхөө нүдэнд зөв шударга харагдавч
Харин ЭЗЭН зүрхийг дэнсэлдэг.
3 Зөв ба шударгыг үйлдэх нь ЭЗЭНд
Тахил өргөхөөс ч илүү таалагдана.
4 Ихэмсэг харц, бардам зүрх нь
Буруутын дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
5 Няхуур хүний төлөвлөгөө хангалууныг авчирна
Адгуу хүн зөвхөн ядуурлыг хүртэнэ.
6 Залилагч хэлээр эрдэнэсийг олж авах нь
Замхрах уур, үхлийн занга мэт буюу.
7 Шударгыг үйлдэхээс татгалздаг тул
Буруутуудыг хүчирхийлэл нь залгидаг.
8 Гэмтний зам нь тахир муруй
Гэмгүйн үйлс нь чигч шударга.
9 Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь дээр.
10 Буруутуудын сэтгэл ёрын мууг хүснэ
Хөрш нь түүний нүднээс энэрлийг эс олно.
11 Басамжлагчийг шийтгэвээс гэнэн хүн мэргэн болно
Мэргэнийг сургамжилбаас тэрээр мэдлэгийг олно.
12 Буруутын гэрийг Зөвт Нэгэн ажигладаг
Бурууг үйлдэгчийг мөхөл рүү Тэрээр унагадаг.
13 Хоосон ядууг хашхирахад
Хэрэв чи чихээ таглаваас
Хожим өөрөө орилон дуудавч
Хариу эс сонсоно.
14 Нууцхан бэлэг уцаарыг дарна
Өвөр дэх хахууль хилэнг намжаана.
15 Шударга ёс биелэхэд зөвт хүнд баяр хөөр
Ёс бусыг үйлдэгсдэд айдас ирнэ.
16 Ухааны замаас гажигч хүн
Үхэгсдийн чуулганд дуусна.
17 Зугаа цэнгэл хөөвөөс хоосрол ирж,
Дарс, тосонд дурлаваас ядуурал ирнэ.
18 Буруут нь зөвтийн төлөөс болно
Зальхай нь чигч шударгын золиос болно.
19 Цухалдан яншдаг эмтэй цуг байснаас
Цөл газар амьдарсан нь дээр.
20 Мэргэний гэрт эрдэнэс, тос тэргүүтэн байна
Мулгуу хүн эдгээрийгээ залгиж барна.
21 Зөвт байдал, хайр энэрлийг мөшгөвөөс
Амь, зөвтгөл, алдрыг олно.
22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хот руу дайрч,
Найдаж байсан бат хэрмийг нь нураадаг.
23 Ам хэлээ захирдаг хүн
Амиа зовлонгоос хамгаалдаг.
24 Ихэмсэг нэгнийг “Басамжлагч” гэдэг
Ихэрхүү зан нь дүрэлзэж байдаг.
25 Хэзээд гар нь ажиллахаас татгалздаг тул
Хойрго залхуугийн хүсэл нь үхэлд хүргэдэг.
26 Шунахайрагч хүн үргэлж л авнаa
Зөвт хүн өгөөмрөөр өгнө.
27 Буруутын өргөх тахил жигшүүртэй
Булай санаалж авчирваас бүр ямар бол!
28 Хуурамч гэрч мөхөх болно
Сайн сонсогч сүүлдb нь ярина.
29 Буруу хүн дүр эсгэдэг
Чигч шударга хүн замаа шинждэг.
30 ЭЗЭНийг сөрж чадах мэргэн ухаан,
Оюун бодол, зөвлөгөө ч гэж ер үгүй.
31 Хүлэг морьдыг тулааны өдөрт бэлддэг ч
Ялалт ЭЗЭНийх болой.
- a21:26 евр. хүснэ
- b21:28 евр. мөнхөд