Лемуел хааны эхийн сургаал
31 1 Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд сургамжилсан мэргэн үгс.
2 Хүү минь, хэвлийн үр минь!
Ам өчгийн хүү минь!
3 Хүч тэнхээгээ эмсэд бүү зар,
Харгуй замаа тэдэнд бүү зориул.
Хаадыг тэд сүйтгэж чаддаг юм.
4 Хаан хүнд зохихгүй, Лемуел минь,
Дарс уух нь хаан хүнд эс зохино
Захирагч хүн сархдад тэмүүлэх нь зохисгүй.
5 Уух аваас, хууль тогтоолыг умартан
Зовж зүдэрсэн хүмүүсийн эрхийг уландаа гишгэх вий.
6 Сөнөж буй хүмүүст сархдыг барь,
Сэтгэлдээ гашуудсан хүмүүст дарсыг барь.
7 Ядуу зүдүүгээ мартан ууг
Зовлон зүдүүрээ дахиж бүү санаг.
8 Үгээ хэлж чадахгүй хүмүүсийн төлөө
Үгээгүй зүдэрсэн бүхний төлөө
Амаа нээ.
9 Зөв шударгын төлөө амаа нээж,
Зүдрэгсэд ба ядуусыг өмгөөл!
Чадварлаг эхнэрийг магтахуй
10 Чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ?
Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
11 Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих агаад
Эд олз нь эс хомсодно.
12 Бүхэл амьдралынхаа туршид нөхөртөө
Тэрээр мууг бус сайныг л хийнэ.
13 Маалинга ноосыг базааж,
Маш баяртайгаар гар нь ажиллана.
14 Хоол хүнсээ хол газраас зөөх нь
Худалдаачны хөлөг онгоцнууд мэт.
15 Харуй бүрийгээр тэр босож,
Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ
Зааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээ
Зааж бас хэлнэ.
16 Газрыг нягтлан үзээд, худалдан авна
Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална.
17 Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж,
Гараа хүчтэй болгоно.
18 Үйлс нь бүтэмжтэй байгааг тэр мэдэх тул
Дэнлүү нь шөнөжин үл бөхнө.
19 Гар нь ээрүүл дээр зэхээстэй,
Хуруу нь ээрүүлийн дамар бариастай.
20 Ядууст тэрээр гар сунгана
Гачигдагсдад тэрээр алгаа дэлгэнэ.
21 Цас хаялахад гэрийнхнийхээ төлөө үл зовно
Зузаан хувцсаар тэд хэдийн хангагдсан байна.
22 Бүтээлгүүдийг тэрээр өөртөө урлана
Биеэ ёрог даавуу ба нил ягаанаар хувцаслана.
23 Нөхөр нь гулдан хаалган дээр
Нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ.
24 Ёрог даавуу хийж, тэрээр худалдана
Бөс даавууг худалдаачдад бас нийлүүлнэ.
25 Ийм бүсгүй хүч чадал, хүндэтгэлээр хувцаслана
Тийм бүсгүй ирэх өдрийг инээн угтана.
26 Мэргэн ухаанаар амаа нээж,
Энэрлийн сургаалыг сургамжилна.
27 Орон гэртээ тэрээр санаа тавина
Залхуурал гэж үгүй.
28 Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө
Эр нөхөр нь ч түүнийг магтаж
29 “Олон эмэгтэй зүтгэлтэй ч,
Чи тэднээс илүү билээ” гэнэ.
30 Дур булаам байдал хуурамч
Гоо үзэсгэлэн ч хоосон
Гагцхүү ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л
Магтаал авах учиртай.
31 Гарынх нь үр жимсийг түүнд өг
Гавьяа үйлс нь түүнийг
Гулдан хаалганa дээр магтах болтугай!
- a31:31 Хүмүүс хэрмийн төв гулдан хаалганы дэргэдэх талбайд цугладаг байжээ.