15 1 Эелдэг хариулт уурыг зайлуулдаг
Эвгүй үгс хилэнг хөдөлгөдөг.
2 Мэргэдийн хэл мэдлэг тарааж,
Мунхгийн ам тэнэглэлийг урсгана.
3 ЭЗЭНий мэлмий хаа сайгүй байж
Муу ба сайны аль алиныг нь хардаг юм.
4 Амарлингуй хэл амийн мод
Хазааргүй хэл сэтгэлийг бусниулагч.
5 Мунхаг хүү эцгийнхээ сургамжийг эс тооно
Хэрсүү хүү зэмлэлийг нь анхаарна.
6 Зөвт хүний гэрт баялаг их байна
Буруут хүний орлого гай авчирна.
7 Мэргэн хүний уруул мэдлэгийг тараана
Мунхгуудын зүрх харин тийм бус.
8 Буруутын өргөл ЭЗЭНд жигшигдэнэ
Чигч хүмүүсийн залбирал Түүнд таалагдана.
9 Буруутын зам ЭЗЭНд жигшүүр
Зөвөөр замнагчийг Тэр хайрлана.
10 Замаасаа гажигсдад хатуу сургамж ирнэ
Зэмлэлийг үзэн ядагсдад үхэл ирнэ.
11 Үхэгсдийн орон хийгээд Сүйрлийн газар
ЭЗЭНий өмнө ил байхад
Хүний хөвгүүдийн зүрх бүр ч ил бус уу?
12 Басамжлагч хүн зэмлэгчид дургүй
Бас тэрээр мэргэн хүн рүү зүглэхгүй.
13 Сэтгэлийн баяр хөөр царайг гэрэлтүүлж
Сэмэрсэн зүрх сүнсийг эмтэлнэ
14 Ухаарагч хүний зүрх мэдлэгийг хайдаг
Мунхгуудын ам мунхаглалд идээшдэг.
15 Шаналагчийн өдөр бүр хэцүүгээр дүүрэн
Хөгжилтэй зүрхэнд найр наадам дүүрэн.
16 Баялаг хөрөнгө ихтэй түгшиж сууснаас
Багахан юмтайгаа ЭЗЭНээс эмээж суух нь дээр.
17 Үзэн ядалтаар хачирласан өөхтэй үхрийн махнаас
Үнэн хайр буй газрын өвсөн хоол дээр.
18 Хурц зантай хүн хэрүүл өдөөдөг
Уурлахдаа удаан хүн маргааныг намжаадаг.
19 Залхуугийн зам өргөст сундуу ихтэй
Чигч шударгын зам цэх шулуун жимтэй.
20 Мэргэн хүү эцгийгээ баярлуулна
Мунхаг хүү эхийгээ үл тооно.
21 Ухаан тарчиг хүн мунхаглалд хөөрнө
Ухаалаг хүн чигч шулуун явна.
22 Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ
Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болно.
23 Зүйтэй хариултад хүн бүр баярладаг
Цагаа олсон үг юутай сайхан бэ!
24 Ухаан бодолтой хүн амийн замаар өгсөх тул
Үхэгсдийн орноос тэрээр ангижирна.
25 Бардам хүний гэрийг ЭЗЭН нураана
Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтооно.
26 Хорон муу төлөвлөгөө ЭЗЭНд жигшүүр
Нигүүлсэнгүй үгс Түүнд цэвэр.
27 Хууль бус ашигт шунагч нь гэр бүлдээ гай тарина
Хээл хахуулийг үзэн ядагч нь амьд явна.
28 Зөвтийн зүрх хэлэх хариугаа цэгнэдэг
Буруутын ам ёрын мууг ундраадаг.
29 Хар санаатнаас ЭЗЭН хол байдаг
Харин зөвтийн залбирлыг Тэр сонсдог.
30 Гэрэлтсэн харц зүрхийг баярлуулна
Сайн мэдээ ясыг шимжүүлнэ.
31 Амь өгөгч зэмлэлийг сонсдог хүнa
Мэргэдийн дунд амьдарна.
32 Сахилгыг үл ойшоогч нь амиа жигшиж буй хэрэг
Сануулгад дуулгавартай хүн нь ухааныг олж авна.
33 ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж
Алдрын өмнө даруу зан алхдаг.
- a15:31 евр. чих