Завхайрлын хуурамч өнгө

7 1 Хүү минь, үгийг минь сахь
Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
2 Тушаалуудыг минь сахиж амьдар
Хууль зааврыг минь нүдний цэцгий мэт сахь.
3 Эдгээрийг хуруунууддаа ороо
Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич.
4 Мэргэн ухаанд “Та миний эгч мөн” гэж хэлэгтүн!
Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтун!
5 Садар эм болон зусарч үгтэй хөндлөнгийн эмээс
Энэ л чамайг хамгаална.

6 Гэрийнхээ цонхны сараалжаар би гадагш нэг хартал
7 Гэнэн хөвгүүдийн дундах ухваргүй нэг залууг ажтал
8 Тийм эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч, гэр лүү нь зүглэсэн нь
9 Үдшийн бүрийгээр, харанхуй шөнийн цагаар ажээ.

10 Өөдөөс нь тосоод тэр эм гарч ирлээ
Өмсгөл нь янхан мэт, зүрх нь зальхай,
11 Орилоо яриатай, овилгогүй зантай,
Орон гэртээ хөл нь тогтдоггүй эм ажээ.
12 Гудамжинд ч, олон хөлийн газарт ч,
Булан тохой бүрд тэр отох ажээ.
13 Өнөөхийг тэгээд тэврэн авч үнсээд,
Нүүрэмгий нь аргагүй тэр эм түүнд
14 “Ам тангаргаа би өнөөдөр биелүүлсэн
Эвийн тахилаасс надад бий
15 Тиймээс чамтай уулзахаар би гарч ирлээ
Тэгээд чамайгаа хайж, би оллоо
16 Ор дэрээ би алагласан, Египетийн маалинган бүтээлгээр бүтээсэн
17 Орон дотроо би мирр, зуун наст, шанц зэргийг цацсан.
18 Ирээч, өглөө хүртэл янаг хайраа бүрэн эдэлье
Амраглан жаргацгаая.
19 Эр нөхөр маань эзгүй
Алс холын аянд мордсон.
20 Тэрээр зоостой хүүдийг аваад явсан.
Тэргэл сартай өдөр л буцаж ирнэ” гэв.

21 Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж,
Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.
22 Өнөөх нь эмэгтэйн араас дагах нь
Нядалгаа руу явж буй шар мэт
Занганд цовхчих хандгай мэт ажээ
23 Сумны зэв элгийг нь сүлбэх хүртэл
Урхи руу яарах жигүүртэн мэт явна
Амиараа үүнийг төлөхөө тэр эс мэднэ.

24 Иймд хөвгүүд минь, намайг сонс.
Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
25 Зүрх чинь тэр эмийн зам руу бүү эргэг.
Тэр эмийн жим рүү бүү төөрөг.
26 Түүний шархдуулж хөнөөсөн нь олон
Түүнд алуулсан эрс тоймгүй.
27 Орон гэр нь Үхэгсдийн орны зам агаад
Үхлийн танхимууд руу урууддаг юм.


  • с7:14 Эвийн тахилыг өргөсөн хүн гэр бүлийн хамт тахилын махнаас иддэг байжээ.