24 1 Хорон нэгэнд бүү атаарх
Холбоотой байхыг бүү хүс
2 Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл
Уруулынх нь яриа хөнөөл байдаг юм.
3 Мэргэн ухаанаар гэр орон сүндэрлэж
Бодол ухаанаар тэр чухамдаа тогтдог.
4 Мэдлэг нь өрөөнүүдийг чинь
Тааламжит үнэт баялгаар дүүргэнэ.
5 Мэргэн хүн чадалтай
Ухаантай хүн хүчтэй.
6 Дайтваас мэргэн удирдамжийг дага
Зөвлөхүүд олон аваас ялалт ирнэ.
7 Мунхагт мэргэн ухаан нь дэндүү өндөрдөнө
Гулдан хаалган дээр тэд амаа эс нээнэ.
8 Буруу хорон юм сэддэг хүн
Будилаан таригч хэмээн дуудагдана.
9 Мунхгийн сэдэл бүр нь нүгэл
Басамжлагч нь бүх хүний жигшил.
10 Зовлон шаналангийн үед цөхөрдөг бол
Хүч тэнхээ чинь үнэхээр дорой аж.
11 Үхэл рүү туугдах хүмүүсийг авар
Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг
Буцааж авчрахаас хойш бүү суу.
12 “Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж хэлэх аваас
Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү?
Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү?
Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?
13 Идээний сайн нь зөгийн бал, ид хүү минь
Сархинагаас дусах балыг тагнайдаа амтал.
14 Мэргэн ухаан нь сэтгэлд чинь үүнтэй адил
Хэрэв олох аваас ирээдүйгээ олох агаад
Итгэл найдвар чинь үл тасарна.
15 Буруу санаат чи, зөвтийн байрыг отож бүү хэвт.
Амьдран суудаг газрыг нь бүү сүйтгэ!
16 Учир нь зөвт нь долоо бүдрэвч сэхнэ
Буруут нь гай гамшигт нэгмөсөн бүдэрнэ.
17 Дайсан чинь уналаа гээд бүү баярла
Тэднийг бүдрэх үед нь зүрхээ бүү хөөргө!
18 Эс тэгвээс ЭЗЭН хараад, үүнийг эс таалах ба
Дайснаас чинь уур хилэнгээ буцааж мэднэ.
19 Бурууг үйлдэгчдээс болж бүү уурс,
Ёс бусыг үйлдэгчдэд бүү атаарх.
20 Учир нь буруу үйлстэнд ирээдүй үгүй
Бузрыг үйлдэгчдийн дэнлүү бөхнө.
21 ЭЗЭНээс бас хаанаас эмээж бай, хүү минь,
Эсэргүү нартай бүү нийл.
22 Эдний дээр гай гамшиг гэнэт ирнэ.
ЭЗЭН эсвэл хааны хэн нь сүйрэл буулгахыг
Хэн хэлж мэдэх вэ?
Мэргэдийн үгсийн хэлхээ
23 Эдгээр нь ч мэргэдийн үгс юм.
Шүүхдээ тал засах нь сайн зүйл бус.
24 “Таны зөв” гэж буруутанд хэлбээс хүмүүст зүхэгдэнэ.
Үндэстэндээ зэвүүцэгдэнэ.
25 Тийм хүнийг зэмлэгчдэд талархал байна.
Тэдний дээр сайн ерөөл оршино.
26 Зүйтэй үгсийг хэлэх нь уруул дээр үнсэж буй хэрэг.
27 Гаднах ажлаа цэгцэлж,
Газар талбайгаа бэлтгэсний дараа
Гэр орноо барь.
28 Хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил
Уруулаараа бүү мэхэл.
29 “Хийснийг нь би ч мөн түүнд хийнэ
Үйлийнх нь дагуу хариу хүртээнэ” гэж бүү хэл.
30 Залхуу хүний тариан талбай,
Ухвар мөчдийн усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.
31 Харагтун, бүх газарт нь өргөст бут битүү ургаж,
Халгайгаар дүүрч, чулуун хашаа нь нурсан байлаа.
32 Харангуутаа л би үүнийг зүрхэндээ тусгаж, сургамж авав.
33 Жаахан унтаж, жаахан дугхийгээд,
Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь*
34 Ядуурал чинь дээрэмчин мэт,
Гачаал чинь зэвсэгт дайчин мэт ирэх вий!
- 24:33–34 Сур 6:10–11