27 1 Маргаашаар бүү сайрх
Маргааш юу болохыг чи үл мэднэ.*
2 Өөрийн чинь ам бус өрөөлийн ам
Чиний уруул бус бусдын уруул
Чамайг магтаг!
3 Чулуу хүнд, элс жинтэй ч
Мунхгийн өдөөн хатгалга эднээс илүү хүнд.
4 Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн ч
Хэн хардалтыг давах вэ?
5 Далдлагдсан хайраас ил зэмлэл дээр.
6 Андын чинь учруулсан шарх итгэмжтэй
Дайсны чинь үнсэлт заль мэхтэй.
7 Цатгаланд сархинагийн бал ч амтгүй
Өлссөнд гашуун юм ч амттай.
8 Гэрээсээ дайжсан хүн
Үүрээ орхисон шувуу мэт.
9 Анхилуун тос, сүрчиг зүрхийг баясгана
Андын зөвлөгөө сэтгэлд бал бурам болно.a
10 Анд найз, эцгийнхээ анд нөхрийг бүү орхи
Аюул гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь
Алсад буй ахаас ойр буй хөрш чинь дээр.
11 Муулагч хүмүүст би хариу барьж чадахын тулд
Мэргэн байж, зүрхийг минь баярлуул, хүү минь.
12 Хэрсүү нь гайг олж хараад нуугддаг атал
Гэнэн хүн угтан явсаар шангаа хүртдэг.
13 Гаднын хүнийгb батлан даагчийн дээлийг ав
Харь хүний улмаас түүнийг барьцаал.
14 Өглөө эрт чанга дуугаар нөхрөө ерөөх нь
Өөрөө түүнд хараал хэлсэн мэт тооцогдоно.
15 Шиврээ бороотой өдрийн дусаал
Яншаа эм хоёр адил агаад
16 Ийм эмэгтэйг номхотгох нь салхи номхотгох мэт
Эсвэл гараараа тос атгаж авах мэт.
17 Төмөр төмрийг ирлэдэг
Хүн хүнээ хурцалдаг.
18 Инжрийн модыг арчлагч жимсийг нь иднэ
Эзэндээ ачлалтай боол хүндлэл үзнэ.
19 Усанд нүүрээ тольдох шиг
Зүрхэндээ хүн өөрийгөө хардаг.
20 Үхэгсдийн орон, сүйрэл ханаж цадахгүй
Хүмүүний нүд ч бас ханаж цадахгүй.
21 Хайлуураар мөнгийг, зуухаар алтыг
Хүний зүрхийг магтаалаар шалгадаг.
22 Үр тариатай ууранд мунхгийг хамт нүдсэн ч
Үнэндээ нэмэр бага.

23 Малынхаа тэвээргийг мэд
Сүрэгтээ сэтгэл тавь.
24 Учир нь эд баялаг мөнх биш
Эрдэнийн титэм ч үе дамжихгүй.
25 Өвс хадсаны дараа шинэ нахиа цухуйх цагт
Уулан дээрх ногоог хурааж дуусах үед
26 Хурганууд чинь хувцас болж,
Ямаанууд чинь газрынхаа өртгийг өгнө.
27 Чамайг, гэр бүлийг чинь хооллох
Зарц бүсгүйчүүдийг чинь бас тэжээх
Ямааны сүү элбэг дэлбэг байна.


  • 27:1 Иак 4:13–16
  • a27:9 эсвэл Андын халуун сэтгэл чин зүрхнээс гарна эсвэл Андын халуун сэтгэл үнэрт мод мэт.
  • b27:13 ЭЗО: Гаднын хүний өрийг евр. Гаднын эмийг