Завхайрлаас сэрэмжил

5 1 Хүү минь, мэргэн ухааныг минь анхаарч,
Ухаан бодролд минь чих тавигтун.
2 Ингэвээс чи хянамгай чанарыг сахиж,
Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө.
3 Садар эмийн уруул зөгийн бал дуслуулж
Тосноос ч илүү зөөлөн ярьдаг ч
4 Хожим тэр нь шарилж мэт гашуун
Хоёр талдаа иртэй илд мэт хурц
5 Тэр эмийн хөл үхэл рүү уруудна
Түүний алхаа нь Үхэгсдийн оронд аваачна.
6 Амийн жимийг тэрээр эс бодож цэгнэнэ
Алхах зам нь мурийжээ, тэр эс мэднэ.

7 Иймд хөвгүүд минь, намайг сонс,
Амнаас минь гарах үгээс бүү зөр.
8 Явах замаа тэр эмээс хол байлга.
Гэрийнх нь үүдээр ч ойрхон бүү яв.
9 Эс тэгвээс эрч хүч чинь бусдынх болж
Нас жилээ чи харгис нэгэнд алдах вий.
10 Хүч юуг чинь хөндлөнгийн хүмүүс завшиж,
Зүтгэлээр олсон юм чинь харь хүний гэрт очих вий.
11 Энэ бие чинь доройтох цагт
Эцэст нь чи гасалж
12 “Сургамжийг би ямар их үзэн ядаа вэ!
Зэмлэлийг зүрх минь юутай их үл ойшоогоо вэ!
13 Багш нарынхаа үг дууг би үл сонсож,
Сургагч нараа ч би чих тавин сонсоогүй!
14 Хохирол сүйрлийн ирмэгт одоо би тулжээ
Хотол түмэн ба чуулган дотор би шүүгджээ” гэх болно.

15 Өөрийнхөө нөөцлүүрээс уу,
Өөрийнхөө худгаас ундрах усыг уу.
16 Ундарга чинь гадагшаа асгарч,
Урсгал чинь олны хөлөөр халих ёстой гэж үү?
17 Эд чинь ганцхан чинийх л байг
Элдэв гаднынхан бүү хуваалцаг.
18 Эл усан ундарга чинь ерөөгдөх болтугай
Идэр цагийн ханьдаа чи баясан жаргатугай!
19 Энхрийхэн марал, гоолигхон согоон адил
Эхнэрийн чинь хөх чамайг ямагт хангалуун байлгаж,
Эгнэгт түүний хайранд чи хөлчүүрэх болтугай!
20 Хүү минь, чи садар эмтэй самуурч,
Харь эмийн цээжийг тэврэх ёстой гэж үү?
21 Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил бус уу?
Хүний бүх жимийг Тэр дэнсэлж байдаг биш үү?
22 Буруу явдалт хүн хилэнцдээ баригдаж
Нүглийнхээ оосорт хүлэгддэг юм.
23 Сургамж дутсанаас болж тэр үхдэг
Мунхаглал илүүдсэнээс болж тэр төөрдөг.