17 1 Хэрүүлтэй гэрийн бялхам идээ будаанаас
Амар тайван дундах хатсан талхны хэлтэрхий нь дээр.
2 Гутамшигт хүүг мэргэн зарц захирч
Гэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртдэг.
3 Хайлуураар мөнгийг, зуухаар алтыг шалгадаг
Хүний зүрхийг харин ЭЗЭН шалгадаг.
4 Муу хүн хорон уруулыг сонсдог
Худалч хүн хорлолын хэлийг анхаардаг.
5 Ядууг элэглэгч нь Бүтээгчийг нь гутааж буй хэрэг
Гай гамшигт баясагч нь шийтгэлгүй үлдэхгүй.
6 Ач гуч өтгөсийн титэм
Азай буурлууд үр хүүхдийнхээ алдар.
7 Дээдсийн үг хэллэг мунхагт нийцэхгүй
Худал хэлэх нь захирагчид бүр ч нийцэхгүй.
8 Хахууль нь өгөгчийнхөө нүдэнд ид шидийн чулуу мэт
Хаашаа ч эргэсэн тэрээр амжилт олно.
9 Алдаат үйлдлийг уучилбаас хайрыг татна
Аливаа хэргийг эргэн сөхвөөс андаа алдана.
10 Зэмлэлийн ганц үг ухаантанд хүрэхдээ
Цохиурын зуун буулт мунхагт хүрэхээс гүн.
11 Ёрын муу хүн зөвхөн тэрслэл тарих агаад
Догшин элч түүний эсрэг илгээгдэнэ.
12 Балайралдаа автсан мунхагтай учирснаас
Бамбаруушаа булаалгасан эвштэй тааралдсан нь дээр.
13 Сайныг саараар хариулагчийн гэрээс
Ёр муу үл сална.
14 Зөрчилдөөний эхлэл нь шүүрэх ус мэт тул
Сад тавихаас нь өмнө хэрүүлийг зогсоо.
15 Буруутыг зөвтгөгч ч, зөвтийг буруутгагч ч
ЭЗЭНд жигшүүртэй.
16 Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас
Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?
17 Анд нөхөд ямар ч үед хайрладаг
Ахан дүүс зовлонгийн цагт дэм болохоор төрдөг.
18 Ухаанаар хомс хүн гар барин амлаж
Хөршийнхөө батлан даагч болдог.
19 Гэм нүгэлд дуртай хүн хэрүүлд дурлана
Үүдэн босгоо өндөрлөгч хүн ясаа хугалнаa
20 Зальт зүрхтэн үл дэвжинэ
Мэхлэгч хэлтэн зовлонд унана.
21 Мулгууг төрүүлсэн хүн гашуудна
Мунхгийн эцэг баяр хөөргүй.
22 Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм
Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин.
23 Буруу муу хүн хахууль өвөртөлж
Шударга замыг хазайлгадаг.
24 Ухаарагч хүн мэргэн ухааныг хайна
Мунхаг хүн газрын хязгаарыг харна.
25 Тэнэг хүү эцэгтээ халаглал болж
Төрүүлсэн эхдээ уй гашуу авчирна.
26 Зөвт нэгнийг торгох нь ч,
Чигч түшмэдийг ташуурдах нь ч
Зүйд эс нийцнэ.
27 Мэдлэгтний үг ховор
Ухаантны сэтгэл уужим.
28 Дуугүй байваас мунхаг ч мэргэнд тооцогдоно
Амаа хамхиваас тэрээр ухаалаг мэт харагдана.
- a17:19 эсвэл сүйрлээ хайдаг