18 1 Хажигa хүн өөрийнхөө хүслийг хайж
Хамаг саруул ухааны өөдөөс сөрнө.
2 Мунхаг хүн ухаарлыг эс таална
Өөрийнхөө бодлыг хэлэхийг л таашаана.
3 Буруу явдалтан ирэхэд жигшүүр бас ирнэ
Гутамшгийн хамт ичгүүр ирнэ.
4 Хүмүүний аман дахь үгс гүн ус мэт
Мэргэн ухааны ундарга урсах горхи адил.
5 Буруутанд нүүр тал засах ч
Зөвтийг шүүхэд түлхэн унагах ч
Зүйд эс нийцнэ.
6 Мунхгийн уруул хэрүүл дуудна
Ам нь цохилтыг урина.
7 Мунхгийн ам өөрийг нь сүйтгэж,
Уруул нь урхинд оруулна.
8 Хов яригчийн үгс амтат идээ мэт
Ходоодны мухарт ч хүрнэ.
9 Ажилдаа хойрго хүн
Шамшигдуулагчийн ах дүү мөн.
10 ЭЗЭНий нэр бат цамхаг
Зөвт хүн тийш ороод аюулгүй.
11 Хөрөнгө мөнгө нь баячууддаа бэхлэлт
Бодол төсөөлөлд нь өндөр хана мэт.
12 Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх явж,
Алдрын өмнө даруу зан алхдаг.
13 Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь
Мулгуу агаад ичгүүртэй.
14 Хүмүүний сэтгэл өвчнийг тэсвэрлэдэг ч
Хэн цөхөрсөн сэтгэлийг тэнхрүүлэх вэ?
15 Ухаант зүрх эрдмийг олно
Мэргэн сонор мэдлэгийг эрнэ.
16 Хүнд өгсөн бэлэг сэлт үүд хаалгыг нээж
Хүндэт нэгэнтэй ч учруулна.
17 Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш
Өмнө нь ирж хэрэг явдлаа ярьсан хүний зөв мэт байдаг.
18 Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэнэ
Шаламгай хүчтэнүүдийн хоорондохыг ч шийднэ.
19 Гомдсон ах дүүг буцаах нь хүчирхэг хотыг эзлэхээс бэрх
Хэрүүл маргаан нь цайзын үүдний түгжээ мод мэт.
20 Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрнэ
Уруулынхаа ашиг шимээр хүн цадна.
21 Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй
Хэн үүнд дурлана, үр жимсийг нь хүртэнэ.
22 Эхнэрийг ологч нь сайныг олж,
ЭЗЭНээс бас тааллыг хүртдэг.
23 Ядуу хүн өршөөл гуйдаг
Баян хүн ширүүн хариулдаг.
24 Анд мэт дүр эсгэх нөхөд байдаг ч
Ах дүүгээс ч дотно хайрлах найз ч бас байдаг.


  • a18:1 евр. өөрийгөө тусгаарлагч