11 1 Зөрүү дэнслэл ЭЗЭНд жигшил
Зөв туухай Түүнд тааламж.
2 Бардам занг шившиг дагалдана
Даруу занд ухаан оршино.
3 Чигч шударга хүмүүсийг чин үнэнч чанар нь удирдана
Бачит хүмүүсийг худал хуурмаг нь хөнөөнө.
4 Уур хилэнгийн өдөр баялаг ямар ч тусгүй
Үхэл тулгарах цагт зөвт байдал л чөлөөлнө.
5 Зөвт байдал нь гэм зэмгүй хүний замыг тэгшилдэг
Буруу явдалдаа буруут хүн ойчдог.
6 Чигч шударга хүмүүс зөвөөрөө аврагдана
Зальхай хүмүүс шуналдаа баригдана.
7 Буруутыг үхэхэд итгэл найдвар нь мөхнө
Хүчиндээ найдсан горьдлого нь бас өнгөрнө.
8 Зөвт нь зовлон шаналангаас гарч
Буруут нь түүний оронд орно.
9 Сүсэггүй хүн амаараа хөршөө хөнөөдөг
Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
10 Зөвт хүн дэвжихэд хотоороо баярлана
Буруут хүн мөхөхөд уухайн дуу хадна.
11 Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр хот дэвжин дээшилнэ
Буруу сэтгэлтний ам хотыг доош нь нураана.
12 Ухвар мөчид хүн хөршөө басамжилна
Ухаан бодолтой хүн дуугүй байна.
13 Илүү үгтэн нууцыг задруулдаг
Итгэлт хүн хэргийг нууцалдаг.
14 Жолоодлогогүй аваас ард түмэн мөхнө
Зөвлөгч олон аваас аврагдана.
15 Гаднын хүнийг батлан даах нь
Гай гамшиг авчирна
Үүнээс зайлсхийгч нь аюулгүй сууна.
16 Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авна
Шаргуу дайчин баялгийг олно.
17 Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ
Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ.
18 Бурууг үйлдэгчийн хонжоо нь батгүй
Зөвийг таригч нь жинхэнэ шагналтай.
19 Зөвийг тууштай дагавал амийг хүртэнэ
Буруу мууг мөшгөвөл үхэлд хүрнэ.
20 Бачит зүрхтэн ЭЗЭНд жигшил
Гэмгүй мөртөн Түүнд таалал.
21 Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай
Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай.
22 Үзэсгэлэнтэй атлаа ухваргүй эмэгтэй нь
Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт
23 Зөвтийн хүсэл зөвхөн сайнд хүргэнэ
Буруутын горьдлого бухимдал уур авчирна.
24 Харамгүйгээр тараагаад арвижих хүн бий
Хэт нарийлсаар ядуурах хүн ч бий.
25 Өгөөмөр хүн өөдлөн дэвжинэ
Өрөөлийг ундлагч өөрөө ч ундлуулна.
26 Үр тариагаа нууцалдаг хүнийг хүмүүс зүхнэ
Үүнийгээ харин худалддаг хүн дээр ерөөл оршино.
27 Сайныг хайгч хүн ивээл тааллыг олно
Муугаар хөөцөлдөгч хүмүүст муу нь ирнэ.
28 Зөөр хөрөнгөндөө найдагч нь баларна
Зөвт хүн навч адил дэлгэрнэ.
29 Гэртээ гай таригч салхийг өвлөнө
Мунхаг нь мэргэн зүрхтний боол болно.
30 Зөвт хүний үр жимс нь амийн мод
Мэргэн хүн бусдын сэтгэлийг дагуулна.
31 Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол
Буруут хийгээд нүгэлт нь хэр хүндийг хүртэх бол!*
- 11:31 1Пт 4:18