Эзэнд итгэ, хүндэтгэ

3 1 Хүү минь, хууль зааврыг минь бүү март
Тушаалыг минь сэтгэл зүрхэндээ хадгал.
2 Амьдралын чинь хоног жилийн урт,
Амар тайвныг эд л чамд нэмнэ.

3 Энэрэл хайр ба үнэн чамайг бүү орхиг
Эдгээрийг хүзүүндээ зангидаж, зүрхэндээ бич.
4 Тэгвэл чи Бурханы бас хүмүүсийн нүднээ
Таалал хийгээд сайн нэрийг олно.*

5 Бүхий л зүрхээрээ ЭЗЭНд итгэ
Өөрийнхөө ойлголтод бүү түшиглэ,
6 Алхам бүрдээ Түүнийг таньж мэд
Амьдралын замыг чинь Тэр шулуун болгоно.
7 Өөрийгөө мэргэн гэж бүү бод
Харин ЭЗЭНээс эмээ, муугаас эргэ.*
8 Ингэх нь биед чинь эдгэрэл,
Ясанд чинь шим болно.

9 Эд хөрөнгө, бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр
ЭЗЭНээ хүндэтгэ.
10 Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ
Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.

11 Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү жигш,
Түүний зэмлэлд бүү зэвүүрх.**
12 Хүүгээ хайрладаг эцэг хүний адил
Хайрладаг хүнээ ЭЗЭН сахилгажуулдаг юм шүү.*

Жинхэнэ баялаг

13 Мэргэн ухааныг олдог хүн,
Ухаан бодролыг эзэмшсэн хүн ерөөлтэй еэ!
14 Мэргэн ухааны ашиг мөнгөнөөс ч илүү
Түүний орлого алтнаас ч илүү юм.
15 Тэрээр эрдэнэсээс илүү нандин
Хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй.
16 Мэргэн ухааны баруун гарт нь урт нас
Зүүн гарт нь баялаг, алдар суу бий.
17 Түүний зам нь тааламжит
Бүх жим нь амар тайван.
18 Өөрөөс нь зуурагсдад тэрээр амийн мод
Үтэр түргэн түүнээс зуурагсад ерөөлтэй еэ!

Мэргэн ухааны бүтээл

19 Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж,
Мэдлэг ухаанаар тэнгэрсийг Тэрээр тогтоожээ.
20 Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж,
Үүлс шүүдэр буулгадаг.

Жинхэнэ хамгаалалт

21 Хүү минь, саруул ухаан ба хянамгай чанарыг сахиж,
Хараанаасаа энэ бүхнийг бүү салга.
22 Тэгэх аваас эдгээр нь ахуй биед чинь амь
Хүзүүнд чинь гоёл чимэг болно,
23 Замаараа чи аюулгүй алхах агаад
Хөл чинь эс бүдэрнэ.
24 Хэвтэхдээ чи үл айна,
Хажуулахдаа чи тавтай нойрсоно.
25 Гэнэтийн аймшгаас, буруутын хөнөөлөөс ч бүү ай.
26 Учир нь ЭЗЭН чамд зүрх зориг болж
Хөлийг чинь занганд орохоос хамгаална.

27 Хийх хүч гарт чинь байх аваас
Хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.
28 Өөрт чинь байсаар атал хөршдөө
“Яв, маргааш ир” гэж бүү хэл!
29 Амгалан суугаа дэргэдэх хөршдөө
Алив хорон юмыг бүү сэд.
30 Хор хүргээгүй зүгээр хүнтэй
Хоосон шалтаггүй бүү маргалд.
31 Хүчирхийлэгч хүнд бүү атаарх
Ямар ч замыг нь бүү сонго!
32 Чивэлт хүн ЭЗЭНд жигшил болж
Чигч шударга хүнтэй Тэр дотносдог
33 Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал бууж
Зөвтийн оромж дээр Түүний ерөөл байна.
34 Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа
Даруу хүнд нигүүлслээ үзүүлдэг.*
35 Эрхэм алдрыг мэргэд эзэмшиж
Ичгүүр шившгийг мунхгууд үүрдэгa.


  • 3:4 Лк 2:52
  • 3:7 Ром 12:16
  • 3:11 Иов 5:17
  • 3:11–12 Евр 12:5–6
  • 3:12 Илч 3:19
  • 3:34 Иак 4:6; 1Пт 5:5
  • a3:35 эсвэл дээдэлдэг