26 1 Зунаар цас, ургацын үеэр бороо дэмий
Мунхаг хүнд алдар хүнд дэмий.
2 Хүртэх ёсгүй хараал нь дэрвэж одох бор шувуу
Нисэн одох хараацай мэт зайлна.
3 Моринд ташуур, илжгэнд хазаар зохино
Мунхгуудын нуруунд саваа зохино.
4 Мунхагт мунхгаар нь бүү хариул
Адил болуузай.
5 Мунхагт мунхагаар нь хариул
Тэр өөрийгөө мэргэн гэж бодуузай.
6 Мунхаг хүнээр үг дайх нь
Хөлөө тайрч, хүчирхийллийг уух мэт.
7 Мунхгийн аман дахь сургаалт үгс
Доголон хүний тэгш бус хөлтэй адил.
8 Мунхагт алдар хүнд өгөх нь
Дүүгүүрт чулуу холбож бэхлэхтэй адил.
9 Мунхгийн аман дахь сургаалт үгс
Согтуугийн гар дахь өргөст мөчиртэй адил.
10 Явуулын мунхгийг эсвэл согтууг хөлслөгч болбоос
Бүхнийг шархдуулдаг харваач лугаа адил.а
11 Нохой бөөлжсөө долоодог
Мунхаг хүн мунхаглалаа давтдаг.
12 Өөрийгөө мэргэн гэж боддог хүнийг чи үзсэн үү?
Мунхаг хүнд тийм хүнээс ч илүү засрах найдлага бий.
13 Залхуу хүн “Зам дээр арслан байна,
Задгай талбайд арслан байна” гэдэг.
14 Хаалга нугасаараа эргэнэ
Хашин хүн орон дээрээ хөрвөөнө.
15 Аяганд хүргэсэн гараа залхуу хүн
Амандаа буцааж хүргэх гэж цөхнө.
16 Хашин залхуу хүн өөрөө өөртөө
Хашир долоон хэрсүүгээс илүү мэргэн аж.
17 Бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох нь
Өнгөрч яваа нохойг чихнээс нь зулгаахтай адил.
18 Галтай мод, үхлийн сумаар тоглогч галзуу мэт
19 Хөршийгөө гүтгэн мэхэлчхээд
“Би тоглосон юм” гэх хүн байдаг.
20 Түлээгүй бол гал унтарна
Хов зөөгчгүй бол хэрүүл маргаан намжина.
21 Нүүрс цогшиж, мод гал болдог
Хэрүүлч хүн хэрүүл маргаан өдөөдөг.
22 Хов яригчийн үгс амтат идээ мэт
Ходоодны мухарт ч хүрнэ.
23 Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоос
Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт.
24 Үзэн ядагчийн уруул зөөлөн байж мэдэх ч
Үнэн зүрхэнд нь заль мэх бий.
25 Зүйргүй сайхан ярьсан ч түүнд бүү итгэ
Зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл бий.
26 Заль мэхээр үзэн ядалт нь халхлагдавч
Заваан санаа нь чуулганы өмнө илчлэгдэнэ.
27 Өрөөлд нүх ухагч хүн өөрөө тэндээ унана
Өөд өнхрүүлсэн чулуу өөр дээр нь бууна.
28 Худалч хэл хохирогчоо үзэн ядна
Ховч ам сүйрлийг зэхэж бэлдэнэ.


  • а26:10 Энэ эшлэл эх бичвэрт тодорхой бус.