Санаж явах сургамж
6 1 Хүү минь чи, хөршдөө батлан даалт гаргаж,
Гаднын хүнтэй гар барьсан бол
2 Уруулынхаа үгэнд урхидуулж
Амныхаа үгэнд олзлуулжээ.
3 Хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тул
Хурдхан үүнийг хий, хүү минь, өөрийгөө авар
Даруусаж очоод хөршөөсөө шалан гуй.
4 Нүд чинь нойронд дийлдэлгүй
Зовхи чинь зүүрмэглэлд авталгүй
5 Анчнаас зугтагч гөрөөс шиг
Ангуучаас мултрах шувуу шиг л өөрийгөө авар.
6 Алхаг залхуу минь яв, шоргоолжны замыг ажигла, ухаан суу
7 Ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал
8 Зунаар хоол хүнсээ базааж
Ургацаар идэш тэжээлээ цуглуулдаг.
9 Хэдий хүртэл хэвтэх юм бэ, залхуу минь?
Хэзээ нойрноосоо сэрэх юм бэ?
10 Жаахан унтаж, жаахан дугхийгээд,
Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь *
11 Ядуурал чинь дээрэмчин мэт,
Гачаал чинь зэвсэгт дайчин мэт ирэх вий.
12 Олиггүй бас ёс бус хүн гажсан үгийг ярьж
13 Нүд ирмэн, хөлөөрөө дохиж, хуруугаараа заана.
14 Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж,
Зөрчил хэрүүлийг ямагт тараана.
15 Тиймээс гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж,
Ганц хормын төдийд тэр сэхэхгүйгээр унана.
16 Энэ зургаан зүйлийг ЭЗЭН үзэн яддаг
Энэ долоо дахийг нь ч Тэрээр жигшдэг.
17 Дээгүүр харц, худалч хэл, гэмгүй цусыг урсгагч гар
18 Хорон санааг сэдэгч зүрх, бузар мууд яарагч хөл
19 Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон
Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч нар ажээ.
20 Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь
Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь
21 Зүрхнээсээ үүнийг байнга уя
Хүзүүгээ үүгээр ямагт ороо.
22 Алхахад чинь чамайг удирдаж,
Хэвтэхэд чинь чамайг хамгаална
Сэрэхэд чинь чамтай ярина.
23 Тушаал нь дэнлүү, хууль заавар нь гэрэл
Сургамжит зэмлэлүүд нь амийн зам тул
24 Ёрын эмээс ч, садар эмийн наалинхай үгсээс ч чамайг хамгаална.
25 Тэр эмийн үзэсгэлэнг зүрхэндээ бүү оруул.
Түүний гоёмсог харцанд өөрийгөө бүү эзэмдүүл.
26 Биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талх,
Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл.
27 Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадах уу?
28 Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээр явах уу?
29 Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм болно.
Хүний эхнэрт хүрсэн хүн бүхэн шийтгүүлнэ.
30 Өлсөхийн эрхэнд өл дарах гэж хулгайлсан хулгайч үл жигшигдэнэa
31 Гэсэн ч тэр баригдахдаа долоо нугалан төлж,
Гэр орныхоо хамаг эд хогшлыг өгөх болно.
32 Гэтэл элдэв эмстэй завхайрагч нь ухвар мөчид агаад
Хийсэн үйлдлээрээ өөрийнхөө амийг хөнөөдөг.
33 Шарх, гутамшгийг амсавч
Ичгүүр нь хэзээ ч арилахгүй.
34 Учир нь хардалт эр хүний хилэнг бадраана.
Өс хонзонгийн өдрөө тэр үл өршөөнө.
35 Ямар ч төлөөсийг тооцохгүй,
Ямар ч агуу бэлгийг авахгүй.
- 6:10–11 Сур 24:33–34
- a6:30 эсвэл Хүмүүс жигших үү?