19 1 Ядуу зүдүү ч өөлөх гэмгүй явах нь
Бачит уруултай мунхаг хүнээс дээр.
2 Хүн мэдлэггүй байваас сайн бус
Хөл яарах аваас зам алдана.
3 Өөрөө мунхаглаж яваад замаа баллачхаад
ЭЗЭНий эсрэг хүн хилэгнэдэг аж.
4 Баялаг нь баахан найз авчирна
Ядуу нь ямар ч найзгүй хоцорно.
5 Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна
Худалч хүн ч зугтааж үл чадна.
6 Ноёдын ивээлийг олон хүн эрдэг
Бэлэг өгөгчид хүн бүр найз болдог.
7 Ах дүүс нь ядууг үзэн ядвал
Анд нар нь түүнээс ямар их холдох бол!
Араас нь дуудсан ч тэд алга болно.
8 Мэргэн ухааныг олсон хүн сэтгэлээ хайрладаг
Ухаан бодролыг сахидаг хүн сайныг олдог.
9 Хуурамч гэрч шийтгэл хүртэнэ
Худлаар тургигч заавал сүйрнэ.
10 Тав тух, тансаглал мунхагт үл зохих
Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч эс зохих.
11 Ухаалаг хүн ууранд удаан
Гэм алдааг өнгөрөөх нь түүний алдар суу.
12 Хааны хилэгнэх нь арслангийн архираа мэт
Таалал юу нь өвсний шүүдэр мэт.
13 Мулгуу хөвгүүн эцэгтээ хорлол
Яншаа эхнэр үл тасрах дусаал.
14 Байшин, хөрөнгө эцэг өвгөдөөс өвлөгддөг
Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг.
15 Залхуурал гүн нойронд автуулна
Лазан хүн өлсөхийн зовлонд өртөнө.
16 Зарлиг тушаалыг сахигч нь амиа хамгаална
Замаа үл хайхрагч нь үхэлд хүрнэ.
17 Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлсэн хэрэг
Өгсөн бүгд нь буцаж төлөгдөнө.
18 Найдлага байгаа дээр нь хүүгээ хүмүүжүүл
Түүний үхлийг бүү хүс.a
19 Хилэн ихт хүн шийтгэл хүртэнэ
Хэрэв түүнийг аварваас
Чи үүнийгээ дахих буй заа.b
20 Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас
Хожим ирээдүйд чи мэргэн болно.
21 Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч
ЭЗЭНий зорилго л биелдэг.
22 Хүнд үнэнч зан эрхэм
Худалчаасc ядуу нь дээр.
23 ЭЗЭНээс эмээхүй нь чухам амь
Үүгээр бялхагч нь амар нойрсож
Гай хөнөөл эс амсана.
24 Тавганд хүргэсэн гараа залхуу нь
Татаж амандаа хүргэхдээ хүртэл залхуурна.
25 Басамжлагчийг саваадваас гэнэн нь хэрсүүд суралцана
Ухаантныг зэмлэвээс тэрээр мэдлэгийг олно.
26 Эцгээ түрэмгийлж, эхээ туугч хөвгүүн болбоос
Ичгүүр гутамшгийг авчирна.
27 Хүү минь, сургамж үл сонсвоос
Мэдлэгийн үгсээс төөрөх болно.
28 Үл бүтэх гэрч
Хууль шүүхийг доромжилдог
Буруутын ам бузар хэргийг залгидаг.
29 Басамжлагчдад шийтгэл зэхээстэй
Мулгуучуудын нуруунд зодуур бэлдээстэй.
- a19:18 эсвэл Гэхдээ бүү хэтрүүлэн зод.
- b19:19 эсвэл Түүнд туслах оролдлого улам дордуулахаас наашгүй.
- c19:22 эсвэл шуналтнаас