25 1 Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс бөгөөд Иудагийн хаан Хезекиагийн хүмүүс үүнийг нэгтгэн сийрүүлэв.

2 Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар
Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
3 Тэнгэр өндөр, газар гүн
Тэр мэтээр хаадын зүрх ойлгогдошгүй.
4 Мөнгөний дархан сав хийхдээ
Мөнгийг хольцоос нь цэвэршүүлэх адил
5 Хааны өмнөөс буруут хүнийг холдуулсугай!
Хаан сэнтий нь тэгвэл зөвт байдалд тогтоно.
6 Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил
Их хүмүүсийн байранд бүү зогс.*
7 Ноёдын өмнө дорд орохоо харснаас
“Дээшээ морилогтун” гэж хэлүүлсэн нь дээр биз ээ.

8 Хэрэг зарга хийхдээ бүү яар!
Хэрэв хөрш чинь чамайг ичгүүрт оруулбал
Эцэст нь чи яах юм бэ?
9 Өөрийн хэргийг хөрштэйгөө л шийд
Бусдын нууцыг бүү задруул.
10 Эс тэгвээс үүнийг сонссон хүн чамайг ичээх вий.
Чиний тухай базаахгүй үг тасрахгүй байх вий.

11 Цагаа олж хэлсэн үг
Мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт.
12 Дуулгавартай чихэнд мэргэний зэмлэл нь
Алтан ээмэг, алтан гоёл мэт.
13 Итгэмжит элч нь илгээгсдэдээ
Ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт.
Учир нь тэрээр эзнийхээ сэтгэлийг сэргээнэ.
14 Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоос
Хургүй үүл ба салхи мэт ажээ.
15 Захирагчийн уурыг тэвчээрээр ятгана
Зөөлөн хэл ясыг ч хугална.
16 Зөгийн бал олсон бол
Хэр хэмжээгээ мэдэж ид,
Хэтрүүлээд бөөлжих вий дээ!
17 Хөршийнхөө гэрт ховорхон зочил
Эс тэгвээс тэр чамаас залхаж,
Эцэст нь чамайг үзэн ядах вий дээ!
18 Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч нь
Хурц үзүүртэй сум, илд ба шийдэм мэт.
19 Хэцүү цагт урвагч хүнд найдах нь
Хорхойтсон шүд, доголсон хөл мэт.
20 Шаналсан зүрхэнд дуу дуулж өгөх нь
Шархан дээр цуу, хужир асгах мэт
Хүйтэн сэрүүн өдөр
Хүний дээлийг тайлж авсан мэт.
21 Дайсан чинь өлссөн бол түүнд идэх талх өг
Харин цангасан бол уух ус өг.*
22 Ингэснээр чи түүний толгой дээр
Галтай нүүрс овоолох бөгөөд
ЭЗЭН чамайг шагнах болно.
23 Умрын салхи бороо авчирна
Хов живт хэл ууртай царай авчирна.
24 Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь дээр.
25 Алс газраас ирэх сайн мэдээ
Ангасан хүнд хүйтэн ус өгөхтэй адил.
26 Буруутын өмнө зөвт сөхрөн унах нь
Бохирдсон худаг, булингартсан ундарга мэт.
27 Зөгийн балыг хэтрүүлж идэх
Алдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийн
Аль аль нь сайн бус.
28 Өөрийгөө захирдаггүй хүн
Ханан хэрэмгүй, нурсан хот мэт болой.


  • 25:6–7 Лк 14:8–10