Мэргэн ухааны бэлэг
8 1 Мэргэн ухаан дуудаж байгаа бус уу?
Ухаан бодрол дуугаа хадааж байгаа биш үү?*
2 Замын дэргэдэх өндөрлөгийн оройд ч,
Жимүүдийн бэлчир уулзвар газарт ч,
3 Хотын үүдэнд, гулдан хаалган дээр
Орох үүдний дэргэд орилж тэрээр дуудна.
4 “Хүмүүс ээ, би та нарыг дуудаж байна.
Хүмүүний үрс ээ, би дуу хоолойгоо өргөж байна.
5 Гэнэн хүмүүс ээ, хэрсүү ухааныг ойлгогтун
Мунхаг хүмүүс ээ, зүрхний ухаарлыг авагтун.
6 Учиртай зүйлийг би ярина, сонсогтун
Уруулаа нээгээд чигч шударгын тухай би ярина.
7 Учир нь ам минь үнэнийг өгүүлнэ
Уруул минь гэм бурууг жигшинэ.
8 Амнаас минь гарах үг бүр зөвт
Аливаа хазайсан бас гажсан юм огт үгүй.
9 Ухаарагч хүнд үгс минь тов тодорхой
Мэдлэгийг хайгчдад зөв шулуун.
10 Цалин цагаан мөнгийг бус, сургамжийг минь авагтун
Шижир шилмэл алтнаас мэдлэгийг авсан нь дээр.
11 Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч илүү үнэтэй
Хүсэл татагч юутай ч зүйрлүүлшгүй.
12 Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршиж
Мэдлэг хийгээд хянамгай чанарыг олдог.
13 ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм.
Ихэмсэг зан, бардамнал, хорон замнал, гажууг яригч амыг би жигшдэг.
14 Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх.
Би болбоос ухаарал, хүч бол минийх.
15 Хаад надаар хаанчилдаг.
Захирагчид надаар шударга ёсыг тогтоодог.
16 Захирагчид, язгууртнууд,
Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн надаар захирдаг.
17 Намайг хайрлагсдыг би хайрлана.
Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.
18 Эд баялаг, алдар суу надтай хамт байдаг
Эс муудах эд хөрөнгө, үнэн зөв нь надад бий.
19 Үр жимс минь алтнаас, шижир алтнаас ч илүү
Өгөөж ашиг минь цалин цагаан мөнгөнөөс ч дээр.
20 Зөвтийн харгуйгаар, шударгын жимээр би явж
21 Өөрийг минь хайрлагсдад эд хөрөнгийг өвлүүлдэг
Өөрөө би эрдэнэсийн санг нь дүүргэж өгдөг.
Бүтээл ба мэргэн ухаан
22 Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхэнд л
ЭЗЭН намайг эзэмшсэн юм.*
23 Өнө мөнхөөс, газрын эхлэлээс л би тогтоогдсон.
24 Оёоргүй гүн байхгүй цагт,
Оргилох булаг оргүй үед би гарсан.
25 Уулс толгодыг босгохын өмнө, би байсан.
26 Газар дэлхий хийгээд тариан талбай
Ертөнцийн тоосонцрын дээжийг ч Тэр бүтээгээгүй байхад
27 Тэнгэрийг бүтээж, оёоргүй гүний гадаргуу дээр
Тойрог хязгаарыг Тэрээр татаж байхад би тэнд байсан.
28 Үүлсийг орой дээгүүр бат тогтоож
Оёоргүйн булгийг бий болгоход
29 Тушаалыг ус зөрчихгүйн тулд
Тэнгист зарлигаа тогтоож байхад нь
Газрын суурийг тавих үед нь ч би тэнд байсан.
30 Би тэгэхэд хажууд нь урлаач,
Өдрөөс өдөрт бахдал нь байж
Өмнө нь үргэлж баярлаж байсан.
31 Түүний бүтээсэн дэлхий ертөнцөд баясаж,
Хүний хөвгүүдээр би бахдаж байв.
32 Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун,
Замыг минь сахигч хүмүүс ерөөлтэй еэ!
33 Зааврыг минь авч мэргэн бологтун
Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34 Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдаж
Үүдний минь хажууд үргэлж хүлээж намайг сонсогч нь
Юутай ерөөлтэй вэ!
35 Намайг ологч нь амийг гарцаагүй олж,
ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ.
36 Намайг алдагч нь өөрийгөө хохирооно
Намайг үзэн ядагч бүр үхлийг хайрлагчид юм” гэв.
- 8:1–3 Сур 1:20–21
- 8:22 Илч 3:14