Мэргэн ухааны найр

9 1 Мэргэн ухаан байшингаа барьж, долоон баганаа урлажээ
2 Малаа нядлан дарсаа хольж бас ширээгээ засжээ
3 Хотын өндөрлөгөөс зарц бүсгүйчүүдээ илгээн
Зар тэрээр тарааж
4 “Гэнэн нэг нь наашаа эргэгтүн!” гэдэг.
Ухвар мөчид нэгэнд тэрээр
5 “Хүрээд ир, талхнаас минь зоогло
Хольсон дарснаас минь бас уугтун.
6 Гэнэн явдлаа орхиж, амьд яв
Ухаарлын замаар алх!” гэж хэлдэг.

Эгэл сургамжууд

7 Басамжлагчийг залруулбаас
Үл хүндлэлийг хурааж,
Буруутыг зэмлэвээс
Өөртөө шарх олно.
8 Басамжлагчийг бүү зэмлэ
Тэр чамайг үзэн ядна.
Мэргэнийг зэмлэ
Тэр чамайг хайрлана.
9 Мэргэн нэгэнд заавар өг
Тэрээр улам мэргэн болно.
Зөвт нэгнийг сурга
Тэрээр мэдлэгээ арвижуулна.
10 ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл
Ариун Нэгэнийг таньж мэдэх нь ухаарал юм.*
11 Учир нь өдөр хоног чинь надаар уртасна.
Амьдралын он жилүүд чамд нэмэгдэнэ.
12 Мэргэн аваас тусыг нь чи өөрөө л хүртэнэ
Басамжилдаг аваас үүнийгээ чи өөрөө л үүрнэ.

Мунхгийн урилга, амлалт

13 Мулгуу эмэгтэй нь чимээ шуугиантай.
Гэнэн агаад юу ч мэддэггүй.
14 Гэрийнхээ үүдэнд, хотын өндөрлөгт суудал дээр суугаад
15 Замаар өнгөрөн явагсдыг, чигч шулуун замнагсдыг тэр дууддаг.
16 Тэрээр “Гэнэн минь, нааш эргэгтүн” гэдэг.
Ухвар мөчид нэгэнд тэрээр
17 “Хулгайн ус чихэрлэг
Нууцалсан талх амттай” гэдэг.
18 Үхлийн сүүдэр тэнд байгааг сайх эр үл мэднэ
Үхэгсдийн орны гүнд тэр эмийн зочид очдогийг үл ухаарна.


  • 9:10 Иов 28:28; Дуу 111:10; Сур 1:7