Эцгийн сургамж
4 1 Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь
Ухаан бодлоос нь анхааран суралц.
2 Сайн сургамжийг чамд өгөх тул
Сургаал зааврыг минь бүү огоор
3 Эцгийнхээ эрхэм үр нь,
Эхийнхээ энхрий ганц хүү нь байхад
4 Тэр надад ингэж сургамжилсан юм.
“Үгийг минь чи зүрхэндээ хадгал
Тушаалуудыг минь чи сахиж бас амьдар.
5 Мэргэн ухааныг эзэмш, ухаарлыг олж ав
Миний амнаас гарах үгсийг бүү март,
Үүнээс бүү гаж.
6 Мэргэн ухааныг бүү огоор
Тэр чамайг хамгаална.
Мэргэн ухааныг хайрла
Тэр чамайг сахина.
7 Мэргэн ухааныг эзэмш
Билэг ухааныг байгаа бүхнээрээ олж ав
Энэ нь мэргэн ухааны эхлэл болой.
8 Мэргэн ухааныг өндөрт үнэл,
Тэр чамайг өргөмжилнө
Мэргэн ухааныг тэвэр,
Тэр чамайг алдаршуулна.
9 Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина
Тэрээр чамд алдрынa титмийг өргөн барина” гэсэн.
Зөвийн замыг сахь
10 Хүү минь, сонс,
Хэлж байгааг минь хүлээн ав
Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.
11 Мэргэн ухааны замыг би чамд заалаа
Чигч шударгын жимээр би чамайг дагууллаа.
12 Алхах үедээ алхаа чинь саарахгүй
Гүйх аваас чи бүдрэхгүй.
13 Сургамжаас зууран барь
Алдаж үл болно.
Түүнийг хамгаал,
Тэр нь амь чинь мөн.
14 Бурууг үйлдэгчдийн жимээр бүү яв
Бузар муу хүмүүсийн замаар бүү алх.
15 Тойрч өнгөр, зайлсхий
Холуур яв, хажуугаар нь өнгөр.
16 Хорон мууг үйлдэхгүй бол
Тэд унтаж чаддаггүй юм.
Хүнийг бүдрүүлэхгүй бол
Тэдний нойр хүрдэггүй юм.
17 Гэм буруугийн талхыг тэд идэж,
Хүчирхийллийн дарснаас тэд уудаг.
18 Харин зөвтийн жим нь үүрийн гэгээ мэт
Зугуухан гийн гийсээр дүүрэн гэрлийг тусгана.
19 Буруу явдалтны зам түнэр харанхуй
Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.
20 Үгийг минь анхаар, хүү минь
Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь
21 Үзэх нүднээсээ бүү холдуул
Өр зүрхэндээ үүнийг хадгал.
22 Олсон нэгэндээ энэ нь амь болж
Өвч биед нь эдгэрэл болно.
23 Юунаас ч илүүгээр зүрхээ хамгаал
Амийн булгууд тэндээс ундран гардаг юм.
24 Заль мэхээс амаа хол байлга
Завхуул гажуу үгээс уруулаа холдуул.
25 Нүд чинь урагшаа хараг
Харц чинь өмнөхөө ширтэг.
26 Хөл доорх замаа дэнсэл.
Зам бүр чинь тэгвэл дайвшгүй байна.*
27 Баруун, зүүн тийш бүү гуйвж дайв,
Балагт муу явдлаас хөл чинь хол байг.
- a4:9 евр. гоо үзэсгэлэнгийн
- 4:26 Евр 12:13