22 1 Арвин баялгаас сайн нэр дээр
Алт, мөнгөнөөс нигүүлсэл илүү.
2 Баян ядуу хоёрт нийлэх зүйл гэвэл
Хоёуланг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.
3 Хэрсүү хүн гамшгийг хараад нуугддаг
Гэнэн хүн дэргэдүүр нь яваад шийтгүүлдэг.
4 ЭЗЭНээс эмээхүй ба даруу төлвийн шагналд
Эд баялаг, алдар хүнд, амь амьдрал ирнэ.
5 Адайрын замд сундуу хийгээд занга байна
Анхаарал болгоомжтон тэдгээрээс холуур байна.
6 Явах ёстой замаар нь хүүхдийг сурга
Өтөлсөн ч тэрээр тэр замыг орхихгүй.
7 Баян хүн ядуугийн захирагч
Өртөн хүн зээлдүүлэгчийнхээ зарц.
8 Ёсон бусыг таригч нь зүдүүр гай хураана
Уур хилэнгийнх нь саваа үгүй болох болно.
9 Өгөөмөр хүн ерөөгддөг нь
Үгээгүйчүүлд хоолноосоо өгдгийнх.
10 Басамжлагчийг холдуулбаас хэрүүл арилна
Зарга, зүхэл ч бас зогсоно.
11 Цэвэр зүрхийг хайрлагч, нигүүлсэнгүй яриатай хүнд
Хаан хүртэл анд нөхөр нь болдог.
12 ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг
Зальхай хүний үгсийг Тэрээр үл тоомсорлодог.
13 Залхуу хүн “Гадаа арслан байна.
Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.
14 Садар самуун эмийн ам гүн цооног юм.
ЭЗЭНийг хилэгнүүлэгч тийш унана.
15 Саваагүй мунхаглал хүүхдийн зүрхэнд уяатай ч
Сахилгын саваа үүнээс нь салгаж холдуулна.
16 Бэлжих гэж ядууг зовоож,
Баяныг зусарддаг хүн үгүйрэх болно.
Мэргэдийн үгс
17 Мэргэдийн үгсэд чих тавь
Мэдлэг ухаанд минь зүрхээ хандуул!
18 Цээжиндээ чи эдгээрийг хадгалж,
Уруулдаа чи эдгээрийг байлгаваас тааламжтайяа.
19 Итгэл чинь ЭЗЭНд л байг гэсэндээ
Эдгээр үгийг би чамд өнөөдөр мэдүүлэв!
20 Мэргэн зөвлөгөө, мэдлэг ухааны үгс гучийг
Би чамд бичиж үлдээсэн биш үү?
21 Юу нь зөв, юу нь үнэн болохыг чамд мэдүүлж,
Чамайг илгээгчид чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.
22 Ядууг ядуу гэж бүү мөлж
Зүдэрснийг гулдан хаалганa дээр бүү дарла.
23 Тэдний хэргээр ЭЗЭН Өөрөө заргалдана
Тэднийг тоногсдыг Тэр тононо.
24 Ууранд баригдсан хүнтэй бүү нөхөрлө
Түргэн зантай хүнтэй бүү нийл.
25 Учир нь чи түүний аашнаасb суралцаж,
Өөрийгөө занганд оруулах вий дээ!
26 Бусдын өрний төлөө гар барьж,
Өөрийгөө батлан даагч бүү болго.
27 Оронд нь төлөх юм чамд үгүй болбоос
Ор дэвсгэрийг чинь авах болбол яах вэ?
28 Эцэг өвгөдийнхөө бий болгосон
Эртний хил хязгаарыг бүү өөрчил.
29 Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?
Хаадын өмнө тэрээр зогсоно
Жирийн хүмүүст эс үйлчилнэ.
- a22:22 Хотын их үүднээ хүмүүс цугладаг газрыг хэлж байна.
- b22:25 евр. замаас