29 1 Зэмлэл дуулах тусмаа гөжүүдэлдэгa хүн
Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.
2 Зөвтүүд олшрох тусам
Ард түмэн баярлан жаргана.
Буруу нэгэн захирваас
Ард олон халаглана.
3 Мэргэн ухаанд дурлагч нь эцгээ баярлуулна
Садар эмстэй нөхцөгч нь эд хөрөнгөө барна.
4 Хаан нь шударга ёсоор улсаа бэхжүүлнэ
Хандив хахууль авагч хүн
Харин улсыг сүйрүүлнэ.
5 Хөршөө бялдуучилдаг хүн
Хөлдb нь урхи тавьж буй хэрэг.
6 Буруут нь гэмт үйлдэлдээ урхидуулна
Зөвт нь харин дуулан баясна.
7 Зөвт нь ядуусын эрхийг мэддэг бол
Буруут нь үүнийг эс ойлгодог.
8 Басамжлагчид хотыг үймүүлнэ
Мэргэд уур хилэнг намжаана.
9 Мэргэн мунхаг хоёр маргалдаж байхад
Мунхаг нь уурлана, элэглэнэ, ер зогсохгүй.
10 Өөлөх гэмгүй хүнийг цус урсгагч нар занаж
Чигч шударга хүний амийг ч хүртэл эрдэг.
11 Мунхгийн уур тэсрэмтгий
Мэргэн нь түүнийг тэвчимтгий.
12 Захирагч нь худал үгсэд анхаарваас
Зарц үйлчлэгч нь бүгд буруутан болно.
13 Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл нь
ЭЗЭН хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг явдал юм.
14 Хаан ядуусыг үнэнээр шүүх аваас
Сэнтий нь үүрд тогтон батажна.
15 Саваа, гэсгээлт хоёр мэргэн ухааныг өгнө
Зөнгөөр өссөн хүүхэд эх эцгээ гутаана.
16 Буруутууд олшрох тусам гэмт үйлдэл ихэснэ
Зөвт нь харин тэдний сүйрлийг үзнэ.
17 Хүүгээ сургамжлан хүмүүжүүл
Тэгвээс тэр чамайг тайвшруулна
Түүнчлэн сэтгэлийг чинь баясгана.
18 Алсын хараа байхгүй аваас
Ард түмэн дэг журамгүй
Харин хуулийг сахигч нь ерөөлтэй.
19 Зарцыг зөвхөн үгээрээ хүмүүжүүлж болохгүй
Ойлгосон ч тэрээр үйлдэл хийхгүй.
20 Хэлэх үгэндээ яаруу хүнийг чи харсан уу?
Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү найдвар бий.
21 Зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол
Занга болох вий, эцэстээ!c
22 Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө
Түргэн зантай хүн гэмт үйлдэлд автана.
23 Хүний бардам зан өөрийг нь дорд болгоно
Даруу сүнс алдар хүндийг хүлээнэ.
24 Хулгайчтай хуваалцагч нь амиа үзэн ядаж буй хэрэг
Хараал зүхлийг сонссон ч тэрээр эс мэдүүлдэг.
25 Хүнээс айх айдас занга болно
Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байна.
26 Захирагчийг царай алдаж, олон хүн зорьдог
Үнэндээ хүний шударга ёс ЭЗЭНээс ирдэг.
27 Зөв шударга хүнд хорон муу хүн жигшүүр
Зөрүү буруу явдалтанд чигч хүн жигшүүр.
- a29:1 евр. хөшүүн хүзүү гаргагч хүн
- b29:5 эсвэл өөртөө
- c29:21 эсвэл Эцэст нь чи захирч ч чадахгүй болно.