Мэргэн ухааны үнэ цэн
2 1 Хүү минь, чи үгсийг минь хүлээн авч,
Тушаалуудыг минь дотроо нандигнаваас,
2 Мэргэн ухаанд чих тавьж,
Ухаан бодролд зүрхээ зүглүүлбээс,
3 Ухаарлыг чи чангаар дуудаж,
Ухаан бодролын төлөө дуугаа өргөвөөс,
4 Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж,
Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас
5 ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно
Бурханы тухай мэдлэгийг олж авна.
6 Мэргэн ухааныг ЭЗЭН соёрхдог юм
Мэдлэг ба ухаан амнаас нь гардаг юм.
7 Чигч шударга хүнд саруул ухааныг нөөцөлж
Өөлөх гэмгүй явагчдад Өөрөө бамбай нь болдог юм.
8 Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж,
Итгэмжит хүмүүсийнхээ замыг Тэр сахидаг.
9 Тиймээс чи зөвт агаад шударга,
Чигч шулуун агаад сайн зам бүрийг ухаарна.
10 Тэгээд мэргэн ухаан зүрхэнд чинь,
Мэдлэг оюун сэтгэлд чинь тааламжтай байна.
11 Хянамгай чанар чамайг сэргийлнэ,
Ухаан бодрол чамайг хамгаална.
12 Хорон муугийн замаас
Хоосон гаж яригчаас
13 Харанхуйн замаар явах гээд
Шулуун харгуйг орхигсдоос
14 Бусармаг үйлдээ баясагчдаас
Буруу гажуудаа цэнгэгчдээс хамгаална.
15 Тэдний зам муруй, тэдний жим далий.
16 Сайхан уярам үгтэй садар задгай эмээс
Салгаж чамайг бас аврах болно.
17 Идэр насныхаа ханийг орхиж дээ, тэр эм!
Эзэн Бурханыхаа гэрээг ч бас умартжээ.
18 Тэр эмийн орон гэр үхэл рүү хэлбийж,
Түүний зам үхлийн сүүдэр лүү хөтөлнө.
19 Тэр эм рүү явагсад эргэж үл ирнэ
Тэд амийн харгуйг ахиж үл олно.
20 Иймээс сайны замаар яв.
Тиймээс зөвтийн харгуйг сахь.
21 Чигч шударга хүмүүс газрыг өвлөж
Гэм зэмгүй хүмүүс тэндээ үлдэнэ.
22 Бурууг үйлдэгсэд газраас таслагдана.
Бачит хүмүүс тэндээс арилна.