28 1 Мөшгөөгүй байхад ч буруут нь зугтдаг бол
Зөвт нь арслан мэт зоригтой.
2 Тэрслэл олширсон газар захирагч олширно
Тэнэгэр ухаант захирагч удаан тогтноно.
3 Хоосон ядуу нэгнээ зовоогч ядуу хүн бол
Хоол хүнс таслах аадар мэт.
4 Хуулийг умартагсад гэм буруутыг магтана
Хуулийг сахигсад нь тэдэнтэй тэмцэнэ.
5 Ёрын мууг үйлдэгсэд шударга ёсыг үл ойлгоно
ЭЗЭНийг хайгсад бүхнийг ухаарна.
6 Гажсан үйлстэй баян явахаар
Гэмгүй алхдаг ядуу нь дээр.
7 Хэрсүү хүү хуулийг сахина
Хомхойнуудтай нийлэгч хүү эцгээ гутаана
8 Өмч хөрөнгөө мөнгө хүүлж арвижуулагч нь
Үүнийгээ ядуусыг нигүүлсдэг хүнд хурааж буй хэрэг.
9 Хуулийг дагадаггүй хүний
Залбирал нь ч хүртэл жигшүүртэй.
10 Муу замаар шударга хүнийг төөрүүлэгч нь
Ухсан нүхэндээ өөрөө унана.
Гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.
11 Баян хүн өөрийгөө мэргэн гэж үздэг ч
Ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.
12 Зөвтүүд ялахадa баяр хөөр ирнэ
Буруутууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
13 Гэмт үйлдлээ далдлагч хэзээ ч үл дэвжинэ
Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртэнэ.
14 ЭЗЭНээс эмээдэг хүнд ерөөл оршино
Зүрхээ хатууруулдаг хүн гай зовлонд унана.
15 Буруу сэтгэлт захирагч ядуу ард түмний дээр байх нь
Архирах арслан, дайрах баавгай мэт.
16 Бодол ухаангүй захирагч мөлжин дарладаг
Буруу олзыг жигшигчийн өдөр хоног уртасдаг.
17 Амь цусны гэмтэн үхэн үхтэлээ оргодол
Ийм хүнийг бүү дэмж.
18 Гэм зэмгүйгээр явагч хүн аврагдана
Гэмт замаар замнагч хүн нэгмөсөн унана.
19 Газраа тариалагч цадах талхтай
Утгагүй хоосныг мөшгөгч ядуурлаар арвин
20 Итгэлтэй хүнд ерөөл бялхана
Баяжих гэж яарагч нь шийтгэл амсана.
21 Нүүр тал засах нь сайн юм биш
Зүсэм талхны төлөө хүн зүй бусыг үйлдэх нь бий.
22 Хорон нүдтэй хүн эд баялгийн араас яарна
Харин ядуурал ирчхээд буйг тэр үл анзаарна.
23 Зэмлэгч хүн нь эцэстээ
Зусарч хэлтнээс илүү нигүүлсэгдэнэ.
24 Эцэг эхээ цөлмөчхөөд,
“Гэмт хэрэг биш” гэж хэлэгч бол
Эвдэн сүйтгэгчийн хамсаатан мөн.
25 Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөдөг
ЭЗЭНд найдагч хүн ихэд дэвждэг.
26 Өөрийнхөө бодолд л итгэдэг хүн мунхаг
Ухаанаар алхагч хүн аюулаас зайлна.
27 Ядууст өгдөг хүн хэзээ ч, үл дутагдана
Харин нүүр буруулагч хүн олонтоо зүхэгдэнэ.
28 Буруу хүмүүс дээш гарахад хүмүүс нуугдана
Тэднийг унах цагт зөвтүүд олширно.
- a28:12 евр. алдар суу