13 1 Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг
Басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно.
2 Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ
Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ.
3 Амаа захирагч нь амиа хамгаална
Уруулаа ангалзуулагч нь сүйрэлд хүрнэ.
4 Залхуу хүн хүсэвч хүртэх юмгүй
Хичээнгүй хүний хүсэл өөрийг нь цатгана.
5 Худал хуурмагийг зөвт хүн үзэн ядна
Буруут нь ичгүүр, гутамшгийг үйлдэнэ.
6 Гэмгүй нэгнийг зөвт байдал нь хамгаалж
Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлнэ.
7 Хоосон хэрнээ баян аяглах хүн бий
Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах хүн ч бий.
8 Хөрөнгийнхөө төлөөсөнд хүн амиа алдаж болно.
Хоосон ядуу хүн хорсол занал үл сонсоно.
9 Зөвтийн гэрэл бадарна
Буруутын дэнлүү бөхнө.
10 Зан ихт нь маргаанд л хүргэнэ
Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.
11 Гэнэт олсон эд хөрөнгө хорогдоно
Хөдөлмөр шингэсэн аваас арвижна.
12 Саатсан найдвар сэтгэлийн өвчин
Биелсэн хүсэл амийн мод.
13 Зааврыг үл тоомсорлогч баларна
Зарлигаас эмээгч нь шагнуулна.
14 Мэргэний сургаал болбоос амийн ундарга
Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.
15 Саруул ухаан тааллыг олно
Бачит хүмүүс бэрх замыг туулна.
16 Хэрсүү хүн мэдлэгээр хөдөлнө
Мунхаг хүн мунхаглалаа зарлана.
17 Элч буруу санаатай бол зовлон авчирна
Элч итгэмжит бол илаарьшил ирнэ.
18 Сургамжийг үл ойшоогчдод ядуурал ба үл хүндлэл ирнэ
Зэмлэлийг сахигчдад алдар хүнд ирнэ.
19 Мөрөөдөл биелэх нь сэтгэлд амттай
Муугаас эргэх нь мунхагт жигшүүртэй.
20 Мэргэнийг дагавал мэргэн
Мунхагтай нөхөрлөвөл хорлол.
21 Нүгэлтнүүдийг гай зовлон мөшгөнө
Зөвт хүмүүсийг сайн сайхан дагалдана.
22 Сайн хүний өв ач гучдаа үлддэг
Нүгэлт хүний хөрөнгө зөвийн төлөө хуримтлагддаг.
23 Ядуу хүний талбайд арвин хүнс байх боловч
Шударга шүүлт үгүй бол хамагдан арилна.
24 Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм.
Хүүгээ хичээнгүй сахилгажуулагч нь түүнийг хайрлагч юм.
25 Зөвт хүний сэтгэл цатгалан байна
Бурууг үйлдэгчийн ходоод хоосон явна.