Агурын сургаалт үгс
30 1 Иакегийн хөвгүүн Агурын айлдсан үгс буюу мэргэн үгс. Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд уламжилжээ.
2 Хүн гэхэд би дэндүү мунхаг юм даа,
Хүний ухаарал надаас үл олдоно.
3 Мэргэн ухаанд би эс суралцжээ
Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга.
4 Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв?
Хэн салхийг алгандаа атгаж байв?
Хэн усыг дээлэндээ боож чадав?
Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв?
Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ?
Та мэдэх үү?
5 Бурханы үг бүр тунгаагдсан байдаг
Өөрийнх нь дотор хоргодогсдод
Тэрээр бамбай юм.
6 Түүний үгэн дээр бүү нэм,
Тэгвээс Тэр чамайг илчлэн зэмлэж,
Чи худалч болох вий.
7 Хоёр зүйлийг би Танаас гуйж байна
Харин намайг үхэхээс өмнө
Надад бүү татгалзаарай!
8 Хоосон хуурмагийг, худал үгийг
Надаас хол байлгаач,
Хохь ядуурлыг ч, баян тарган байдлыг ч
Надад бүү өгөөч,
Хувь минь болох хүнсээр намайг тэжээгээч.
9 Эс тэгвээс би элбэг дүүрнийг хүртэж,
“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд,
Няцаж буцах вий дээ!
Эсвэл ядууран хулгай хийж,
Бурханыхаа нэрийг бузарлах вий дээ!
10 Эзнийх нь өмнө зарцыг нь бүү гүтгэ
Эс бөгөөс тэр чамайг зүхэж, чи буруудах вий!
11 Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс
12 Буртаг бузраа угаагаагүй атлаа өөрсдийгөө
Булингаргүй цэвэр гэх хүмүүс юм.
13 Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс
14 Илд мэт шүдтэй, хутга мэт араатай хүмүүс
Эгэл хүмүүний дундах үгээгүйчүүдийг,
Энэ дэлхий дээрх ядуусыг залгигч хүмүүс бий шүү!
15 Хануур хорхойд “Өг, өг” гэдэг хоёр охин бий.
“Ханаж цаддаггүй” гэгч гурав дахь
“Хангалттай” гэж хэлдэггүй дөрөв дэх нь бас бий.
16 Үхэгсдийн орон,
Үргүй хэвлий,
Ус ууж ханадаггүй газар хийгээд
“Хангалттай” гэж хэлдэггүй гал зэрэг нь тэд юм.
17 Эцгийгээ басамжилж,
Эхийгээ сонсохгүй зэвүүцэгчийн нүдийг
Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
18 Миний хувьд ухааршгүй гурван зүйл байна.
Дөрөв дэхийг нь би бүр ч ойлгохгүй юм.
19 Тэнгэрт халих бүргэдийн зам,
Хадан дээгүүр мурилзах могойн зам,
Тэнгисийн зүрхэн дунд хөвөх онгоцны зам,
Бүсгүйтэй нийлсэн эрийн хувь тавилан болой.
20 Садар эмийн зам гэвээс
Тэр идэж амаа арчаад
“Би ёс бусыг үйлдээгүй” гэдэг.
21 Гурван зүйлийн дор дэлхий чичирч,
Дөрөв дэхийг нь даадаггүй юм
22 Хаан сэнтий дэх зарц,
Талхаар хангалуун мунхаг,
23 Хайр сэтгэлгүйгээр нөхөрт гарсан бүсгүй,
Хатагтайгаа эзэгнэсэн шивэгчин зэрэг ажгуу.
24 Дэлхий дээр өчүүхэн атлаа
Мэргэнээс мэргэн дөрвөн зүйл бий.
25 Шоргоолж том амьтан биш ч
Зуны турш хоол хүнсээ базаана.
26 Дорго хүчтэй амьтан биш ч
Хад чулуун дунд үүрээ засна.
27 Царцаанд хаан байхгүй ч
Тэд эрэмбээр жагсан явна.
28 Гүрвэлийг бариад авч болмоор атал
Тэрээр хааны ордонд ч орно.
29 Сүрлэг алхдаг гурав
Сүртэй алхдаг дөрөв дэх нь бий.
30 Хэний ч өмнөөс ухардаггүй,
Араатны хүчирхэг арслан,
31 Ихэмсэг алхлах азарган тахиа бас ухна
Дайчин баатруудтайгаа жагсаж буй хаан зэрэг болой.
32 Өөрийгөө өргөмжилж мунхагласан бол
Өөдгүй хорныг эсвэл сэдсэн бол
Гараа аман дээрээ тавь.
33 Цохисон сүүнээс цөцгий гарна
Дэлссэн хамраас цус урсана
Тэсрэх уурнаас эвдрэлцэл ирнэ.