12 1 Сургамжийг хайрлагч нь мэдлэгт дуртай
Зэмлэлийг зүхэгч нь тэнэглэлд талтай.
2 Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог
Башрыг сэдэгчийг Тэр буруутгадаг.
3 Гэм буруугаар хүн оршиж чадахгүй
Зөвтийн үндэс хэзээд хөдөлшгүй.
4 Зохистой сайн эхнэр эр нөхрийн титэм.
Гутамшигт эхнэр ясанд нь буглах идээ бээр.
5 Зөвтийн санаа зүйтэй
Буруутын удирдамж хуудуутай.
6 Буруутын үгс нь цус урсгахаар отно.
Чигч шударгын ам тэднийг аварна.
7 Бурууг үйлдэгчид сүйрэн унана.
Зөв шударгын орон гэр бат зогсоно.
8 Хэрсүү ухаан хүндлэлийг олно
Гуйвдаг сэтгэл жигшүүрийг хүртэнэ.
9 Идэх хоолоор ч дутах атлаа өөрийгөө өргөмжилснөөс
Эгэл нэгэн атлаа зарцтай байх нь дээр
10 Зөвт хүн малынхаа амийг ч хэрэгсэнэ
Буруу санаатан энэрэхдээ ч харгисална.
11 Газраа тариалагч цадах талхтай
Утгагүй хоосныг мөшгөгч ухаан хомстой.
12 Буруу хүн бузар олзыг хүснэ
Зөвтийн үндэс үр жимс ургуулна.
13 Хорон муу хүн уруулынхаа нүглээр урхидуулна
Зөвт хүн зовлон шаналангаас ч зайлна.
14 Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг
Гарынх нь үйлс хүмүүнд эргээд цутгадаг.
15 Мунхгийн зам өөрт нь зөв
Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог.
16 Мунхгууд уураа даруй үзүүлдэг
Хэрсүү нь басамжлалыг үл тоодог.
17 Үнэнийг өчигч нь шударга ёсыг тунхагладаг
Хуурамч гэрчлэгч худлыг ярьдаг.
18 Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт
Харин мэргэн хүний хэл илаарьшлыг авчирна.
19 Үнэнч уруул үүрдийн настай
Худалч хэл хормын амьтай.
20 Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх оршдог
Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан байдаг.
21 Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй
Буруутын гай тотгор дундрахгүй.
22 Худалч уруул ЭЗЭНд жигшүүр
Хуудуугүй үйлстнүүд Түүнд таалал.
23 Ухаалаг хүн мэдлэгээ далдална
Мунхаг хүн тэнэглэлээ зарлана.
24 Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна
Лазан хүн албадлагын ажил хийнэ.
25 Шаналал хүмүүний зүрхийг дарамтална
Сайн үг баярлуулна.
26 Зөвт хүн хөршөө хөтөлнө
Буруу санаатан бусдын замыг будилуулна.
27 Лазан хүн ангийн махаа ч эс шарах атал
Зүтгэлт хүн үнэт өмчийг олно.
28 Зөвтийн зам дээр амь оршино
Зөрөг дээр нь үхэл үгүй.