20 1 Дарс нь басамжлагч, сархад нь агсамнагч
Мэргэн бус нь эдгээрт хөлчүүрхдэг.
2 Хааны хилэгнэл арслангийн архираан
Түүнийг уурлуулах хүн амиа алдана.
3 Маргаанаас зайлсхийх нь хүндэтгэл
Мунхгууд цөм хэрүүл хийдэг.
4 Улиралд нь газраа хагалаагүй залхуу нь
Ургацын үеэр хайгаад ч хоосон.
5 Хүний зүрхэн дэх зорилгууд гүний ус мэт
Ухаан бодолтой хүн үүнийг гадагш гаргана.
6 Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон ч
Үнэхээр найдвартай хүн олдох болов уу?
7 Зөвт хүн гэм зэмгүй явдаг
Үр хүүхэд нь түүнээс хойш ч ерөөгддөг.
8 Шүүлтийн сэнтийд залрагч хаан
Хамаг ёрын мууг харцаараа шигшинэ.
9 “Би зүрхээ цэвэрлэв
Би нүгэл хилэнцээсээ цэвэршив” гэж
Хэн хэлж чадах билээ?
10 Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний
Аль аль нь ЭЗЭНд жигшүүр.
11 Хүүхэд ч үйл хөдлөлөөрөө өөрийгөө таниулдаг
Цэвэр хийгээд цэх шулуун эсэхээ харуулдаг
12 Сонсох чих, харах нүдний
Аль алийг нь ЭЗЭН бүтээж өгсөн.
13 Нойронд бүү дурла, эс тэгвээс чи ядуурна
Нүдээ нээ, тэгвэл талхаар цадна.
14 “Тааруу юм, муу юм” гэсээр хүмүүс худалдан авдаг ч
Дараа нь түүгээрээ сайрхах аж.
15 Алт ба эрдэнийн чулуу олон ч
Мэдлэгийн уруул болбоос хамгийн үнэт гоёл.
16 Гаднын хүнийг батлан даагчийн дээлийг ав
Хөндлөнгийн хүний улмаас өөрийг нь барьцаал.
17 Хуурмаг замаар олсон талх амттай ч
Хайргаар ам нь эцэстээ дүүрнэ.
18 Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.
Мэргэн удирдамжийн дагуу дайт.
19 Цуу тарааж явагч нууцыг задруулна
Хагархай амт хүнтэй бүү орооцолд.
20 Эцэг эхийгээ зүхэгчийн дэнлүү
Тас харанхуйд бөхнө.
21 Эхэнд түргэн олдсон өв
Эцэстээ үл ерөөгдөнө.
22 “Хорон муугийн хариуг өгнө дөө” гэж бүү ярь.
ЭЗЭНийг хүлээ, Тэр чамд тусална.
23 Худал туухай ЭЗЭНд жигшил.
Хуурмаг дэнс сайн зүйл биш.
24 Хүмүүний бүхий л алхааг ЭЗЭН залдаг
Хүн өөрийн замаа хэрхэн мэдэж чадах вэ?
25 “Ариун өргөл” гэж яаруу хэлчхээд
Амласныхаа дараа эргэцүүлэх нь хавх аж.
26 Мэргэн хаан буруутуудыг шигшин ялгаад бяц тээрэмдэнэ.
27 Хүний сүнс ЭЗЭНий дэнлүү
Хамаг дотрыг нь нягтална.
28 Хааныг тогтоогч нь энэрэл хайр ба үнэн
Хаан сэнтийг тулагч нь зөвт байдал юм.
29 Бяр чадал залуусын алдар
Буурал үс өтгөсийн жавхаа.
30 Хорон мууг цохиураар угаадаг
Хамаг дотрыг нь зодуураар цэвэрлэдэг.