16 1 Зүрхний төлөвлөгөө хүнээс.
Хэлний хариулт ЭЗЭНээс.
2 Хүмүүний бүхий л зам өөрийнх нь нүдэнд цэвэр ч
Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.
3 Үйлсээ ЭЗЭНд даатга,
Бодол санаа чинь биелнэ.
4 ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тул
Буруутууд шийтгэлийн өдөрт зориулагджээ.
5 Зүрх бардам бүхэн ЭЗЭНд жигшүүртэй.
Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай.
6 Энэрэл хайр ба үнэнээр хилэнц цагаадна
ЭЗЭНээс эмээвээс ёр муугаас зайлна.
7 Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг
Дайснуудтай нь хүртэл Тэрээр эв түнжинтэй байлгадаг.
8 Зүй бусаар олсон үлэмж их орлогоос
Зөв ёсоор олсон багахан нь дээр.
9 Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч
Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.
10 Хааны уруулд тэнгэрлэг шийдвэр бий
Шүүх цагт ам нь харш юм үйлдэх ёсгүй.
11 Шударга жин ба дэнс ЭЗЭНийх
Уутан доторх туухай бүхэн Түүний бүтээл.
12 Зөвт байдал нь хаан ширээний тулгуур
Зөрүү буруу явдал хаадад жигшүүр.
13 Зөвт уруул хааны тааллыг олно
Чигч шударгыг яригчийг тэрээр хайрлана.
14 Хааны уур хилэн үхлийн элч буюу
Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулна.
15 Хааны нүүр гэрэлтвээс амьдрал соёрхоно
Хаврын борооны үүл мэт таалал нь оршино.
16 Мэргэн ухааныг олж авах нь алтнаас илүү
Мэдлэг оюуныг олж авах нь мөнгө сонгосноос дээр.
17 Чигч шударга хүмүүс ёрын муугаас хол явна
Замаа анхаардаг хүн амиа хамгаална.
18 Сүйрлийн өмнө бардам зан явж
Уналтын өмнө ихэрхүү зан алхдаг.
19 Ядуучуудын хамт даруу сүнстэй байх нь
Бардамнагчдын хамт арвин олз хувааснаас дээр.
20 Үйл хэрэгтээ анхаарагч нь амжилтад хүрнэ
ЭЗЭНд итгэгч нь ерөөлтэй.
21 Мэргэн зүрхтэн ухаан билигтэй хэмээгдэнэ
Үг амтат бол ятгалга хүчтэй байна.
22 Мэргэн ухаан нь эзэмшигчдээ амийн ундарга
Мунхаглал нь мунхаг хүндээ шийтгэл.
23 Мэргэн хүний зүрх амаа сургамжилж
Уруулынхаа ятгалгыг хүчжүүлнэ.
24 Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт
Сэтгэлд бурам, ясанд эм буюу.
25 Хүнд өөрт нь зөв мэт харагдавч
Хожим нь үхэлд хүргэх зам бий.*
26 Ажилчныг хооллох хүсэл нь ажиллуулж
Ам нь түүнийг ажилд албадна.
27 Олиггүй хүмүүс мууг ухаж ярина
Уруул юу нь улалзах гал мэт болой.
28 Замаасаа гажигч эвдрэлцлийг тарина
Хов жив тараагч дотнын нөхдийг салгана.
29 Хүчирхийлэгч хүн хөршөө өдөж
Сайн бус замаар дагуулна.
30 Нүдээ ирмэгч хүн гаж зүйлсийг сэддэг
Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг гүйцэлдүүлдэг.
31 Буурал толгой алдрын титэм
Зөвт байдлын зам дээр үүнийг олно.
32 Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр
Сэтгэлээ захирдаг хүн хотыг эзлэгчээс ч илүү.
33 Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.
- 16:25 Сур 14:12