Гэрээ зөрчигдсөн нь
11 1 ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг.
— 2 Энэ гэрээний үгийг сонс. Үүнийг Иудагийн хүмүүст болон Йерусалимын оршин суугчдад хэл гэв. 3 “Израилын Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай. 4 Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египет нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр ‘Дуу хоолойг минь сонсож, Миний та нарт тушаасан бүхнийг үйлд. Тэгвэл та нар ард түмэн минь болж, Би та нарын Бурхан чинь болно’ гэж тушаасан нь 5 өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү балаар бялхсан газар нутгийг өгнө гэж тангарагласан тангаргаа батлахын тулд байсан»” гэв. Тэгэхэд би
—Амен, ЭЗЭН гэв. 6 ЭЗЭН надад
—Эдгээр бүх үгийг Иудагийн хотууд болон Йерусалимын гудамжнуудад тунхагла. “Энэ гэрээний үгсийг сонсож, биелүүл. 7 Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гарган авчирсан тэр үеэс өнөөг хүртэл «Дуу хоолойг минь сонс» гэж цөхрөлтгүй анхааруулсаар, хатуу сануулсаар байсан. 8 Гэтэл тэд дагаагүй агаад чих тавьж сонсоогүй, харин хүн бүр хорон муу зүрхнийхээ гөжүүд зангаар явсан. «Биелүүл» хэмээн Миний тушаасан энэ гэрээний бүх үгийг Би тэдэнд авчирсан хэдий ч тэд биелүүлээгүй” хэмээн айлдав.
9 Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Йерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ. 10 Үгсийг минь сонсохоос татгалзан эцэг өвгөдийнхөө хилэнц рүү тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр араас нь явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилын болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав. 11 Тиймээс ЭЗЭН ингэж айлдав. “Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдэн дээр авчирч байна. Тэднийг Над руу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй. 12 Тэгэхэд Иудагийн хотууд болон Йерусалимын оршин суугчид явж, утлага уугиулдаг бурхад руугаа хашхирах боловч тэд гай гамшгийнх нь үед тэднийг үнэхээр аврахгүй. 13 Иуда! Бурхад чинь чиний хотууд шиг олон биш үү? Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Йерусалимын гудамжнууд шиг олон ажээ.
14 Тиймээс энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах гуйлт эсвэл залбирлыг ч бүү өргө. Гамшиг зовлонгийнхоо үед тэд Намайг дуудна. Гэвч Би тэднийг сонсохгүй.”
15 “Хайрт минь олон башир үйл хийчхээд
Миний гэрт ямар эрхтэй билээ?
Өргөлийн мах та нарыг
Гамшгаас чинь ангижруулж чадах уу?
Ингэснээр та нар баярлах уу?
16 ЭЗЭН нэрийг чинь
«Сайхан жимстэй, үзэмжит ногоон чидун мод» гэсэн.
Гэвч нүргэлсэн их дуу чимээгээр
Тэрээр түүн дээр гал ноцооно.
Тэгээд мөчрүүд нь хэрэггүй болно.
17 Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулсан Израил болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түг түмдийн ЭЗЭН гай зовлонг чиний эсрэг тунхагласан” гэв.
Иеремиа заналхийлэл дор
18 Тэгээд ЭЗЭН үүнийг надад мэдүүлж, би мэдэв.
Тэдний үйлсийг Тэрээр надад харуулав.
19 Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв.
“Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд
Модыг үр жимстэй нь хамт устгаж,
Амьдын газраас тасалъя” гэж тэд
Миний эсрэг хуйвалдаан зохиосныг
Би мэдээгүй байлаа.
20 Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ,
Шударгаар шүүгч Та,
Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ.
Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач.
Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ.
21 “Тиймээс аминд чинь хүрэхийг хичээж, «Бидний гарт үхмээргүй байвал ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл» хэмээдэг Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдлаа. 22 «Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно. 23 Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна»” гэв.