Халдлагын занал, жихүүцэл

6 1 Бениамины хөвгүүд ээ,
Аюулгүй байхын тулд Йерусалимын дундаас зугт.
Текоад бүрээ үлээж,
Бет-Хакеремын дээгүүр дохио өргө.
Учир нь муу юм, агуу сүйрэл
Хойд зүгээс харагдаж байна.
2 “Дур булаам, хөөрхөн нэгэн болох
Сион охиныг Би устгах болно.
3 Хоньчид ба хонин сүргүүд нь түүн дээр ирж,
Эргэн тойронд нь майхнууд босгож,
Өөр өөрсдийн газарт бэлчинэ.
4 «Түүний эсрэг дайнд бэлтгэ.
Босоцгоо, жин үдэд довтолцгооё.
Золгүй еэ!
Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байна!
5 Босоцгоо, шөнөөр довтолж,
Ордныг нь сүйтгэцгээе!» гэнэ.”

6 Учир нь түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
“Моддыг нь огтолж, Йерусалимыг бүсэл.
Дарлалаас өөр зүйлгүй энэ хот шийтгэгдэх ёстой.
7 Худаг усаа хүн цэвэр байлгадаг шиг л
Хорон муу явдлаа тэд шинэхэн байлгадаг.
Хүчирхийлэл болон сүйрэл
Хот дотор нь сонсогддог.
Өвчин болон шархнууд нь ч
Миний өмнө ил байна.
8 Йерусалим аа, сэрэмжтэй бай,
Эс тэгвэл Би чамаас хөндийрөн,
Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”

9 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тэд Израилын үлдэгсдийг
Усан үзмийн мод мэт гүйцэд түүх болно.
Усан үзэм түүгч мэт
Гараа мөчрүүдийн дээгүүр дахин шувтарна.”

10 Сонсгох гэж би хэнд хэлж, сануулах юм бэ?
Үзэгтүн, тэдний чих битүү хэвээрээ
Үнэндээ тэд сонсож чадахгүй.
ЭЗЭНий үг тэдний хувьд доог тохуу юм.
Иймээс тэд түүнийг таашаадаггүй.

11 Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч,
Үүнийгээ барьсаар сульдаж байна.
“Гудамжинд буй хүүхдүүд дээр, залуусын чуулал дээр асга.
Учир нь, настай ба хөгшин,
Эхнэр ба нөхөр
Аль аль нь авагдах болно.
12 Энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа Би сунгасан тул
Тэдний гэрүүд мөн талбайнууд
Эхнэрүүд нь ч бас хамтдаа бусдад очно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.*

13 “Учир нь тэд багаасаа том хүртэл
Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд
Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл
Хүн бүр хуурамч байна.
14 Тэд амар амгалан үгүй атал,
«Амар амгалан, амар амгалан» гэж хэлэн
Ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв.*
15 Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү?
Огт ичээгүйгээр барахгүй
Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ.
Тиймээс тэд унагсдын дунд ойчно.
Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.

16 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Замууд дээр зогсож, хар.
Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх.
Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.
17 Би та нарын дээр харуул тавьж,
«Бүрээн дууг сонс» гэв.
Гэвч тэд «Бид сонсохгүй» гэсэн.
18 Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ.
Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн!
19 Газар дэлхий, сонсогтун.
Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу
Төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна.
Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд
Хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.
20 Над руу Шебагаас гүгэл,
Алс холын нутгаас чихэрлэг нишингэ
Яах гэж авчирна вэ?
Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй
Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.”

21 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би энэ хүмүүсийн өмнө
Бүдрүүлэх чулуу тавьж байна.
Эцгүүд хүүхдүүд хамтдаа түүнд бүдэрнэ.
Хөршүүд хийгээд найзууд сүйрнэ.”

22 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, умард нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд
Нэгэн агуу том үндэстэн
Дэлхийн алс хязгаараас босож ирэх болно.
23 Тэд нум, жад агсах агаад
Хэрцгий бөгөөд өршөөлгүй.
Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрдэг.
Сион охин! Чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт
Тэд морьдоо унадаг.”

24 Бид энэ тухай мэдээг сонссон билээ.
Бидний гар сул дорой байна.
Бид зовлон шаналанд буюу
Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.
25 Хээр тал руу бүү гар, замаар бүү яв.
Учир нь дайсанд илд байгаа бөгөөд
Тал бүрд түгшүүр байна.

26 Охин минь болсон ард түмэн минь чи
Одоо таар өмсөж, үнсэн дотор өнхөр.
Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд.
Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.

27 “Би чамайг ард түмнийхээ дунд
Шинжээч болон хянагч болгосон нь
Чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм.
28 Тэд бүгд хов зөөдөг, гөжүүдлэн эсэргүүцэгчид.
Энгийн нэг хүрэл ба төмөр.
Тэд бүгдээрээ завхарсан.
29 Тулман хөөрөг ширүүнээр үлээж
Хар тугалга галд залгиулдаг.
Гэтэл цэвэршүүлэг дэмий хоосон болжээ.
Муу хүмүүс зайлуулагдсангүй.
30 ЭЗЭН, тэднийг голсон тул
Тэд гологдсон мөнгө гэгдэв.”


  • 6:12–15 Иер 8:10–12
  • 6:14 Езк 13:10