Рехабынхныг магтав
35 1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж* 2 “Рехабынхны гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгэнд нь авчирч, дарс уулга” гэв. 3 Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг, ах дүүсийг нь, бүх хөвгүүдийг нь мөн Рехабынхны бүх гэрийнхнийг дагуулж, 4 ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, гулдан хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав. 5 Дараа нь би Рехабын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд
—Дарс уу! гэж хэлэв. 6 Харин тэд
—Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, “Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй. 7 Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдар” гэж хэлсэн билээ. 8 Бид, эхнэрүүд, хөвгүүд, охид маань өвөг эцэг Рехабынхаа хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар дуу хоолойг нь дагасан билээ. 9 Мөн өөрсдөдөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай, тариалангийн талбай эсвэл үр тариа ч байхгүй. 10 Бид зөвхөн майханд л амьдарч, эцэг Ионадабынхаа бидэнд тушаасан бүхнийг үйлдэж, дагасан билээ. 11 Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Йерусалим руу явцгаая” гэсэн. Ингээд бид Йерусалимд амьдрав гэжээ.
12 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, 13 “Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. Явж, Иудагийн хүмүүс болон Йерусалимын оршин суугчдад хэл. «ЭЗЭН тунхаглаж байна. ‘Та нар үгсийг минь сонсож, зааврыг минь авах юм уу?’ 14 ‘Дарс ууж болохгүй’ гэж хөвгүүддээ тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уусангүй. Учир нь тэд эцгийнхээ тушаалыг дагасан. Гэтэл Би та нарт дахин дахин хэлсэн боловч та нар Намайг сонсоогүй. 15 Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, ‘Одоо хүн бүр бузар муу замаасаа эргэж, үйлс замаа зас. Өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно’ гэсэн. Гэвч та нар чих тавиагүй, Намайг сонсоогүй. 16 Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй.» 17 Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилын Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иуда болон Йерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй»” гэжээ.
18 Тэгээд Иеремиа Рехабынхны гэрт
—Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. “Та нар эцэг Ионадабынхаа тушаалыг дагаж, бүх тушаалыг нь сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул 19 түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. «Рехабын хүү Ионадаб нь Миний өмнө зогсох хүнээр хэзээ ч дутагдахгүй»” гэж хэллээ.
- 35:1 2Ха 23:36—24:6; 2Шс 36:5–7