Вавилоны олзлолын тухай
25 1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд (Энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв.) Иудагийн бүх хүний талаарх үг Иеремиад иржээ.* 2 Үүнийг эш үзүүлэгч Иеремиа Иудагийн бүх хүнд болон Йерусалимын бүх оршин суугчдад хэлэв. 3 “Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн арван гуравдугаар оноос авхуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин дахин ярьсан боловч та нар сонссонгүй. 4 ЭЗЭН эш үзүүлэгчид болох бүх зарцаа та нар луу дахин дахин илгээсэн боловч та нар сонссон ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй. 5 Тэд «Хүн бүр муу замаасаа, хорон муу үйлсээсээ эргэж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд ЭЗЭНий үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар. 6 Өөр бурхдад үйлчилж, мөргөхийн тулд тэдний араас бүү яв. Гарынхаа бүтээлээр уурыг минь бүү хүргэ. Тэгвэл Би та нарт ямар ч хор хөнөөл учруулахгүй» гэсэн. 7 Гэтэл та нар Намайг сонсоогүй. Гарын бүтээлээрээ Намайг уурлуулж хилэгнүүлэн, ингэснээр өөрсдөдөө гай болов” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 8 “Тиймээс түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар үгсийг минь сонсоогүй тул, 9 үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно. 10 Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг бас дэнлүүний гэрлийг авна.* 11 Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.*
12 Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13 «Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан бүх үгээ, бүх үндэстний эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна. 14 Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднийг боолоо болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө»” гэв.
Бурханы хилэнгийн аяга
15 Израилын Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдав. “Мутраас минь уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга. 16 Тэд ууж, гуйван тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна” гэв. 17 Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав. 18 Үүнийг Йерусалимд, Иудагийн хотуудад, хаад болон ноёдод нь уулгасан нь тэднийг энэ өдрийнх шиг сүйрэл, айдас, харуусал ба хараал болгохын тулд юм. 19 Египетийн хаан Фараон, зарц нар нь, ноёд нь ба бүх ард түмэн нь, 20 харийн бүх хүн, Уз нутгийн бүх хаан, филистчүүдийн нутгийн бүх хаан (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд), 21 Едом, Моаб болоод Аммоны хөвгүүд, 22 Тирийн бүх хаан, Сидоны бүх хаан болон тэнгисээс цааш орших арлуудын хаад, 23 Дедан, Тема, Буз хийгээд санчгаа хусдаг хүмүүс, 24 Арабын бүх хаан мөн цөлд оршин суудаг харийн хүмүүсийн бүх хаан, 25 Зимрийн бүх хаан, Еламын бүх хаан бас Медегийн бүх хаан, 26 өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаан мөн газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно. 27 “Чи тэдэнд «Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ‘Та нарын дунд Миний илгээх илднээс болж ууж, согтууран бөөлж, унаад, дахин бүү бос’» гэж хэл. 28 Хэрэв тэд гараас чинь аягыг авч, уухаас татгалзвал чи тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ‘Та нар заавал уух ёстой! 29 Учир нь үзэгтүн, нэрээр минь дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би дэлхийн бүх оршин суугчийн эсрэг илд дуудаж байна’ гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн. 30 Тиймээс чи тэдний эсрэг эдгээр бүх үгийг эш үзүүлж, чи тэдэнд хэл.
«ЭЗЭН өндөр дээрээс архиран
Ариун оршихуйгаасаа дуугаа гаргана.
Тэрээр сүргийнхээ эсрэг хүчтэйгээр архирна.
Тэрээр дэлхийн бүх оршин суугчийн эсрэг
Усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.
31 ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул
Дэлхийн адагт хашхираан хүрчээ.
Тэрээр бүх махбодыг шүүнэ.
Буруутуудын хувьд,
Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж
ЭЗЭН тунхаглаж байна” гэв.
32 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, ёр муу нь үндэстнээс үндэстэн рүү явж,
Дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс
Агуу их шуурга хөдөлгөгдөж байна.
33 Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс
Дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна.
Тэдний төлөө гашуудахгүй,
Тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй.
Тэд газрын гадаргуу дээрх бууц мэт болно.
34 Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир.
Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө.
Учир нь хядлага, бутралын өдрүүд
Та нарт нүүрлэсэн бөгөөд
Та нар шилмэл сав шиг унана.
35 Хоньчдод зугтах газар,
Сүргийн эздэд хэлтрэх газар үгүй болно.
36 Хоньчдын хашхирах дуу,
Сүргийн эздийн уйлах дуу байна!
Учир нь ЭЗЭН тэдний бэлчээрүүдийг устгаж байна
37 ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас
Амар амгалан сүргүүд дуугүй болгогдоно.
38 Тэрээр арслан мэт нуувчаа орхив.
Учир нь дарангуйллын хатуу байдал болон
Ширүүн уур хилэнгээс нь болж
Айдас тэдний нутаг болжээ.”
- 25:1 2Ха 24:1; 2Шс 36:5–7; Дан 1:1–2
- 25:10 Иер 7:34, 16:9; Илч 18:22–23
- 25:11 2Шс 36:21; Иер 29:10; Дан 9:2