Гедалиагийн эсрэг бослого
41 1 Тэгтэл долдугаар сард хааны удмын Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел болон хааны тэргүүн түшмэд арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа руу Мизпад ирэв. Тэд Мизпад хамтдаа талх идэж байх зуур* 2 Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, энэ нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав. 3 Ишмаел бас Гедалиатай хамт Мизпад байсан хамаг иудейчүүдийг мөн тэнд байсан халдеи цэргүүдийг цохив.
4 Гедалиаг алсны дараагийн өдөр, хэнийг ч мэдээгүй байх үед 5 сахлаа хусаж, хувцсаа хүү татсан, бие нь гүнзгий зүсэгдсэн наян хүн ЭЗЭНий өргөөнд аваачихаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьж, Шехем, Шило ба Самариас иржээ. 6 Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел тэднийг угтахаар Мизпагаас уйлсаар гарч ирэв. Тэр тэдэнтэй уулзаад
—Ахикамын хүү Гедалиа руу ирнэ үү! гэв. 7 Тэгээд тэднийг хот дотор орж ирсэн даруйд Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт буй эрс тэднийг хядаж, нөөцлүүрт хаяжээ. 8 Харин тэдний дундаас Ишмаелд
—Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон балын нөөц бий гэж хэлсэн арван хүн гарав. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй.
9 Гедалиагаас болж цохиж алсан хүмүүсийнхээ бүх хүүрийг хаясан нөөцлүүр нь Израилын хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдагсдаар дүүргэжээ. 10 Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд рүү гатлахаар явав.
11 Харин Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх муу муухайг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар сонсоод, 12 хамаг эрсээ авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов. 13 Ишмаелтай хамт байсан хүмүүс нь Кареагийн хүү Иохананыг мөн түүнтэй хамт буй цэргийн дарга нарыг харангуутаа баярлацгаав. 14 Ингээд Мизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүн эргээд, Кареагийн хүү Иоханан руу буцан очлоо. 15 Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүний хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд рүү явав.
16 Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел хөнөөгөөд үлдэгсэд буюу хүчит дайчин эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд гэхчлэн хүмүүсийг Мизпагаас авч гарсныг нь Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар ийнхүү эргүүлэн авав. 17 Тэгээд тэд Египет рүү явахаар хөдөлсөн бөгөөд Бетлехемийн дэргэдэх Герут Кимхамд буудаллажээ. 18 Учир нь уг нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон, Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел хөнөөсөн тул тэд халдеичуудаас айж байлаа.
- 41:1–3 2Ха 25:25