Небухаднезарын буулга
27 1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Зедекиагийн хаанчлалын эхэнд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж, айлдав.* 2 ЭЗЭН надад айлдахдаа
—Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ углаад, 3 Йерусалимд, Иудагийн хаан Зедекиа дээр ирсэн элч нараар Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан мөн Сидоны хаанд хэл явуул. 4 Тэдэнд өөрсдийн эзэд рүүгээ явахыг тушааж, “Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар эздэдээ ингэж хэл. 5 «Би аугаа хүч чадлаараа, сунгасан мутраараа дэлхий ба үүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд мэлмийд минь тааллыг олсон нэгэнд үүнийгээ Би өгнө. 6 Одоо Би энэ бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр хээр талын амьтдыг ч өгсөн. 7 Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчилнэ. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.
8 Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн ба тахлаар шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 9 Харин та нарын хувьд, та нартай ярин «Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй» гэж хэлдэг өөрсдийн эш үзүүлэгчид, төлгөчид, зүүд тайлагчид, ид шидтэнүүд эсвэл илбэчдийг бүү сонс. 10 Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө. 11 Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.
12 Би энэ бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж,
—Хүзүүгээ Вавилоны хааны буулган дор тавьж, түүнд болон ард түмэнд нь үйлчилж амьдар! 13 Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭН айлдсаны адил, чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ? 14 Тиймээс “Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй” гэж чамд хэлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд чамд худлыг эш үзүүлдэг. 15 Би тэднийг илгээгээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Харин Би та нарыг зайлуулж, та нарыг болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчдийг мөхөөхийн тулд тэд нэрээр минь хуурмагаар эш үзүүлдэг” гэж хэлэв.
16 Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд
—ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт “Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд Вавилоноос удахгүй буцаж ирнэ” гэж эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг. 17 Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ? 18 Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Йерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон руу явуулахгүйн төлөө түг түмдийн ЭЗЭНээс тэд одоо гуйг. 19 Учир нь түг түмдийн ЭЗЭН баганууд, тэнгис, тавиурууд болон энэ хотод үлдсэн бусад сав суулгуудын талаар буюу 20 Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Йерусалимын бүх ноёныг Йерусалимаас Вавилон руу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна. 21 Тийм ээ, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Йерусалимд үлдсэн сав суулгуудын талаар Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. 22 “Тэднийг Вавилонд аваачих бөгөөд Би тэдний дээр ирэх өдөр хүртэл тэд тэнд байна. Дараа нь Би тэднийг буцаан авчирч, тэднийг энэ газарт сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.
- 27:1 2Ха 24:18–20; 2Шс 36:11–13