Иеремиа захирагч Гедалиа хоёр
40 1 Иеремиаг ахлах хамгаалагч Небузарадан Рамагаас сулласны дараа түүнд ЭЗЭНээс ирсэн үгс энэ болой. Тэрээр Вавилон руу цөлөгдөж байсан Йерусалим ба Иудагийн бүх цөлөгдөгчийн дунд Иеремиаг гинжээр хүлэгдсэн байхад нь авсан юм. 2 Ахлах хамгаалагч, Иеремиаг аваад, түүнд
—ЭЗЭН Бурхан чинь энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг айлджээ. 3 Ингээд ЭЗЭН авчирч, яг айлдсан шигээ үйлдэв. Та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, дуу хоолойг нь эс сонссон тул энэ зүйл та нарт тохиолджээ. 4 Үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв надтай хамт Вавилон руу явахыг чи сайн гэж үзэж байвал явагтун. Би чамайг харж халамжлах болно. Харин надтай хамт Вавилон руу явахыг сайн бус гэж үзэж байвал болигтун. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Зөв зүйтэй, сайн гэж бодож байгаа газартаа очигтун гэж хэлэв. 5 Иеремиаг буцаагүй байхад
—Чи Иудагийн хотуудыг хариуцуулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа руу буцан явж, түүнтэй хамт ард түмний дунд амьдар. Эсвэл чамд явахад зөв зүйтэй гэж санагдаж буй ямар ч хамаагүй газар луу яв гэж хэлэв. Ингээд ахлах хамгаалагч түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг суллав. 6 Тэгээд Иеремиа Мизпа руу Ахикамын хүү Гедалиа дээр очиж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.
7 Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиад тэр нутгийг хариуцуулан томилж, Вавилон руу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүс болох тэр нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг түүнд хариуцуулсныг зэлүүд нутагт байсан цэргийн бүх удирдагч мөн тэдний эрчүүд сонсоод* 8 Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофа хүн Ефаин хөвгүүд мөн маака хүний хүү Иезаниа нар мөн тэдний эрчүүд Гедалиа руу Мизпад ирэв. 9 Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд мөн эрчүүдэд нь тангараглаж
—Халдеичуудад үйлчлэхээс бүү ай. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно. 10 Миний хувьд, үзэгтүн, бидэн дээр ирэх халдеичуудын өмнө зогсохын тулд би Мизпад амьдран сууна. Харин та нарын хувьд, та нар дарс, зуны жимс, тос хураан савнууддаа хийж, эзэмшсэн хотууддаа амьдар гэж хэлэв. 11 Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов. 12 Тэгээд хамаг иудейчүүд тархсан бүх газраасаа буцан ирж, Иудагийн нутаг руу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.
13 Тэгтэл Кареагийн хүү Иоханан нь зэлүүд нутагт байсан цэргийн бүх удирдагчдын хамт Гедалиа руу Мизпад ирж, 14 түүнд
—Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь таны амийг авхуулахаар Нетаниагийн хүү Ишмаелыг илгээснийг та ухаарч байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй. 15 Тэгэхэд Кареагийн хүү Иоханан нь Мизпад Гедалиатай нууцаар ярьж
—Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Хэнд ч мэдэгдэхгүй. Тэр таныг албал тан дээр цугларсан бүх иудейчүүд тархан, Иудагийн үлдэгсэд устана шүү дээ гэв. 16 Харин Ахикамын хүү Гедалиа, Кареагийн хүү Иохананд
—Ийм юм бүү хий. Чи Ишмаелын талаар худал хэлж байна гэв.
- 40:7–9 2Ха 25:22–24