Маалинган бүс
13 1 ЭЗЭН надад “Явж, өөртөө маалинган бүс худалдан аваад бүсэлхийгээрээ бүсэл, харин түүнийг усанд бүү хийгээрэй” гэж айлдав. 2 Тиймээс би ЭЗЭНий үгийн дагуу бүс худалдан авч, бүсэлхийгээрээ бүслэв. 3 Тэгтэл ЭЗЭНий үг надад хоёр дахиа ирж, 4 “Худалдаж аваад бүсэлхийдээ бүсэлсэн бүсээ авч, Евфрат руу яв. Түүнийг тэнд хадны завсар нуу” гэж айлдав. 5 Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув. 6 Олон өдрийн дараа ЭЗЭН надад “Босож, Евфрат руу явж, нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав” гэж айлдлаа. 7 Тэгээд би Евфрат руу явж, нуусан газраасаа бүсээ ухаж авлаа. Үзэгтүн, өнөөх бүс үжирч, бүрмөсөн хэрэггүй болсон байв. 8 Тэгтэл ЭЗЭНий үг надад ирлээ. 9 “ЭЗЭН ингэж айлдаж байна. Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Йерусалимын үлэмж бардам занг устгана. 10 Үгсийг минь сонсохоос татгалздаг, зүрхнийхээ гөжүүдлэлээр алхдаг бөгөөд өөр бурхдын араас үйлчлэхээр бас бөхийн мөргөхөөр явсан энэ хорон муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог. 11 Учир нь бүс хүний бүсэлхийд барьцалддаг шиг Израилын бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Би Өөртөө барьцалдуулсан нь тэд Миний хувьд ард түмэн, нэр хүнд, магтаал, алдар болохын тулд байлаа. ЭЗЭН тунхаглаж байна. Гэвч тэд сонсоогүй” гэв.
Дарсны домбо
12 “Тиймээс чи тэдэнтэй ярьж, энэ үгийг хэл. «Израилын Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» гэж хэл. Тэд чамд «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой гэдгийг мэдэхгүй гэж биднийг бодоо юу?» гэхэд нь 13 чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ‘Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчийг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Йерусалимын бүх оршин суугчийг согтуурлаар дүүргэнэ! 14 Би тэдний эцгүүд хөвгүүдийг хүртэл өөр хооронд нь дайралцуулна’ гэж ЭЗЭН тунхаглаж байна. Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана»” гэв.
Олзлогдох аюул занал
15 Сонс, анхаарал тавь, битгий бардамна
ЭЗЭН айлдаж байна.
16 Тэрээр харанхуйг авчрахаас өмнө,
Бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө
Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд
Тэрээр үхлийн харанхуй,
Үхлийн сүүдэр болгохоос өмнө
ЭЗЭН Бурхандаа алдрыг өргө.
17 Харин чи үүнийг сонсохгүй бол
Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна.
ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул
Миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.
18 Хаанд болон эх хатанд
“Доош газар сууцгаа.
Гоёмсог титэм чинь толгойноос чинь унасан” гэж хэл.
19 Негевийн хотууд цоожлогдож,
Онгойлгох хэн ч алга.
Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.
20 “Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар.
Чамд өгөгдсөн хонин сүрэг,
Сайхан хонинууд чинь хаана байна вэ?
21 Чи өөрөө тэднийг сургасан байтал
Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр
Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ?
Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг
Өвчинд чи баригдахгүй гэж үү?
22 Хэрвээ чи зүрхэндээ
«Энэ зүйлс яагаад надад тохиолдов?» гэвэл
Хилэнц чинь их болсноос банзал чинь сөхөгдсөн.
Өсгий чинь ил гарсан.
23 Этиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу?
Элдэв мууг үйлдэж зуршсан чи
Ийм болсон цагт л сайныг үйлдэж чадах биз.
24 Тиймээс Би тэднийг хийсэх сүрэл шиг л
Цөлийн салхинд тараана.
25 Энэ чиний шавга,
Надаас чамд хэмжиж өгсөн хувь” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Учир нь чи Намайг мартаж,
Худал хуурмагт итгэсэн билээ.
26 Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд
Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.
27 Садарлал болон хүсэл тачаалыг чинь,
Тал хээр дэх толгодын дээрх завхайрлыг чинь
Жигшүүрт зүйлсийг чинь Би харсан билээ.
Золгүй еэ! Йерусалим аа!
Чи хэр удаан цэвэр бус байсаар байх вэ?”