Вавилоны амсах шүүлт

50 1 Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.*
2 “Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла.
Үүнийг тунхаглаж, туг өргө.
Үүнийг бүү нуу,
«Вавилон олзлогдлоо,
Бел ичгүүр болж,
Мардук эвдэрч нурлаа.
Хөргүүд нь ичгүүр болж,
Шүтээнүүд нь эвдэрчээ.»”

3 “Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!
4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилын хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, ЭЗЭН Бурханаа эрэлхийлэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5 “Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.

6 Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ.
Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.
Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.
Тэд уулсаас толгод руу явж,
Амрах газраа мартсан билээ.
7 Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив.
Тэдний дайснууд
«Бид буруугүй,
Зөвийн орших газар ЭЗЭНий эсрэг
Эцэг өвгөдийнхөө найдварын ЭЗЭНий эсрэг
Тэд нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.

8 Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.* 9 Учир нь үзэгтүн, Вавилоны эсрэг агуу үндэстнүүдийн бүлгийг Би умард нутгаас босгон авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамууд зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт болно. 10 Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно. Түүнийг тоногч бүгд ханах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11 “Өв залгамжлалыг минь тоногчид оо,
Та нар баяр хөөртэй, баясаж байгаа тул
Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж,
Азарганууд мэт янцгаадаг тул,
12 Эх чинь ихэд ичиж,
Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана.
Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж,
Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.
13 ЭЗЭНий дургүйцлээс болж
Тэрээр оршин суугчтай болохгүй,
Харин бүрэн эзгүйрэх болно.
Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж,
Бүх шархнаас нь болж шогшрох болно.
14 Нумаа татдаг та бүхэн
Вавилоны эсрэг тал бүрд
Тулалдааны шугамаа зурцгаа.
Түүнийг харва,
ЭЗЭНий эсрэг тэрээр нүгэл үйлдсэн тул
Сумаа бүү хямгад.
15 Түүний эсрэг тал бүрд
Тулалдааны хашхираанаа өндөрсгө!
Тэрээр бууж өгч,
Баганууд нь унаж,
Хана хэрэм нь нураагдаж унав.
Энэ бол ЭЗЭНий өшөө авалт.
Түүнээс өшөө ав.
Тэрээр хэрхэн үйлдсэн шиг
Түүнд мөн түүнчлэн үйлд.
16 Вавилоноос тариалагчийг,
Ургац хураах цагт хадуур баригчийг цавч.
Хүн бүр нь дарлагчийн илднээс эргэж
Өөрийнхөө ард түмэн рүү
Өөрсдийнхөө нутаг руу зугтах болно.”

17 “Израил бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ. 18 Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хааныг мөн газар нутгийг нь шийтгэх гэж байна. 19 Би Израилыг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно. 20 Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилын хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно»” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21 “Мератаим нутгийн эсрэг,
түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв.
Тэднийг алж, бүрмөсөн устга” гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.
22 Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.
23 Бүх дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав!
Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов!
24 Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд
Өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.
Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа.”

25 ЭЗЭН зэвсгийн сангаа онгойлгож,
Дургүйцлийнхээ зэвсгийг гаргалаа.
Халдеичуудын нутагт үйлдэх ажил
Түг түмдийн БУРХАН Эзэнд бий.
26 Түүн дээр хамгийн алсын хязгаараас ир.
Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж,
Гүйцэд устган түүнд юуг ч бүү үлдээ.
27 Бүх залуу бухыг нь илдэнд өг.
Тэднийг нядлуулахаар явуул!
Тэдний өдөр, шийтгэлийнх нь цаг ирсэн тул
Золгүй еэ, гаслан зовлон тэдний дээр байг.

28 Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу
Сүмийнх нь төлөө өшөө авалтыг
Сионд зарлахын тулд Вавилон нутгаас
Оргодлууд, ба дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.
29 “Вавилоны эсрэг нум татагч бүхнийг,
Олон хүмүүсийг дууд.
Түүний эсрэг тал бүрд хуарагна.
Хэнийг ч бүү зугтаалга.
Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл.
Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд.
Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг,
Израилын Ариун Нэгэний эсрэг давилуун хандсан.*
30 Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж,
Бүх дайчин нь тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
31 “Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,
Би чиний эсрэг байна” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
“Учир нь Надаар шийтгүүлэх цаг, өдөр чинь ирэв.
32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана.
Би түүний хотуудад гал тавина
Тэр гал эргэн тойрны бүхнийг нь залгина.”

33 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Израилын хөвгүүд,
Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ.
Олзлогчид нь бүгд тэднийг чанга базаж,
Тавьж явуулахаас татгалзжээ.
34 Тэдний Золигч нь хүчтэй,
Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг.
Тэрээр дэлхийд амралтыг,
Вавилоны оршин суугчдад харин
Үймээн самууныг авчрахын тулд
Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

35 Халдеичуудын эсрэг,
Вавилоны оршин суугчдын эсрэг,
Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
36 “Худал зөнч нарын эсрэг илд ирж,
Тэд мунхаг болно!
Хүчит эрсийнх нь эсрэг илд ирж,
Тэд нурах болно!
37 Морьд ба тэрэгнүүдийнх нь
Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг
Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно!
Эрдэнэсийнх нь эсрэг илд ирж,
Тэд тоногдох болно.
38 Усан дээр нь ган гачиг ирж,
Тэд хатах болно!
Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд
Айдас хүйдэс дотор тэд ухаанаа алдсан.

39 Тиймээс цөлийн амьтад цөөвөр чононуудынa хамт амьдарна.
Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд
Тэр газар дахиж оршин суугчтай болохгүй,
Эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.*
40 Бурхан, Содом болон Гоморраг
Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг
Тэнд хэн ч амьдрахгүй,
Хүн оршин суухгүй” гэж
ЭЗЭН айлдаж байна.*

41 Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд
Агуу их үндэстэн болон олон хаад
Дэлхийн алс газраас босож ирэх болно.
42 Тэд нум, жад барьдаг.
Тэд харгис хэрцгий бөгөөд
Ямар ч өршөөл үзүүлдэггүй.
Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг.
Вавилон охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт
Тэд жагсан, морьдоо унадаг.

43 Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод,
Гар нь сул унжина.
Төрөх гэж буй эмэгтэйн өвдөлт шиг
Зовлон шаналан түүнийг зуурч авав.

44 “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр лүү, Йорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” 45 Тиймээс Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөө, халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр бэлчээрийг нь зэлүүд болгоно. 46 Вавилоны олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.


  • 50:1—51:64 Иса 13:1—14:23, 47:1–15
  • 50:8 Илч 18:4
  • 50:29 Илч 18:6
  • a50:39 эсвэл чөтгөр ба бузар сүнстэй хамт
  • 50:39: Илч 18:2
  • 50:40 Эх 19:24–25