ЭЗЭНий шийтгэлийг Иеремиа тунхаглав

7 1 Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг. 2 “ЭЗЭНий өргөөний хаалганы дэргэд чи зогсож, «ЭЗЭНд мөргөхөөр энэ хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээд тэнд энэ үгийг тунхагла. 3 Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно. 4 ‘Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм’ гэх хуурамч үгэнд бүү итгэ.
5 Хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хэн хүн ба хөршийнх нь хооронд шударга ёсыг үнэхээр хэрэгжүүлбэл, 6 та нар цагаач хүмүүс, өнчид, бэлэвснийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад руу буюу сүйрэл рүүгээ явахгүй бол 7 та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана.
8 Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна. 9 Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад, 10 дараа нь ирж, нэрээр минь нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлийг хийхийн тулд ‘Бид аврагдсан билээ!’ гэж хэлдэг. 11 Нэрээр минь нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон юм уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм» гэж ЭЗЭН тунхаглав.*
12 «Нэрийнхээ оршихуйн газар болгон анх Би Шилогa сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилын муу муухай явдлаас болж тэр газар юу хийснийг минь хар.* 13 Эдгээр зүйлийг үйлдэж байхад чинь Би та нарт байнга хэлж байсан, та нар сонсоогүй. Би дуудаж байсан, та нар хариулаагүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 14 «Тиймээс та нарын итгэдэг, нэрээр минь нэрлэгддэг өргөөнүүдэд мөн та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт ч тэр, Шилод үйлдсэний адил Би үйлдэнэ. 15 Та нарын бүх ах дүү, Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг нүднийхээ өмнөөс зайлуулж хаяна» гэж хэл.

Хүмүүсийн дуулгаваргүй байдал

16 Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй. 17 Иудагийн хотууд болон Йерусалимын гудамжинд юу хийгдэж байгааг чи харахгүй байна уу? 18 Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхээр зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг цутгадаг.* 19 Тэд Намайг өдсөн бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Өөрийгөө гэмтээж байгаа нь тэд өөрсдөө биш үү?” гэв.
20 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтрахгүй.”
21 Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өргөлүүд дээрээ шатаалт тахилуудаа нэмж, мах ид. 22 Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй эсвэл тушаагаагүй. 23 Харин Би тэдэнд «Дуу хоолойг минь дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний ард түмэн болно. Миний та нарт тушаасан бүх замаар алх, тэгвэл та нарт л сайн байх болно» гэж тушаасан. 24 Гэтэл тэд дагаагүй, чих ч тавиагүй, харин зүрхнээсээ гардаг хорон муу зөвлөгөө ба зөрүүд байдал дотроо урагшаа бус, арагшаа алхсан. 25 Та нарын эцэг өвгөд Египет нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн зарц, бүх эш үзүүлэгчдийгээ өдөр бүр илгээсэн билээ. 26 Гэтэл Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хөшүүн хүзүү гаргасан. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.
27 Чи эдгээр бүх үгийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй. 28 Чи тэдэнд «Энэ бол ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дагаагүй эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан» гэж хэл.

29 Үсээ тайрч хаяад,
Нүцгэн дов толгод дээр гашууд.
Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг
ЭЗЭН голж, орхисон.”

30 “Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ. 31 Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-Хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм зүйлийг Би тушаана гэж үү? Тийм зүйл миний санаанд орно гэж үү?* 32 Тиймээс үзэгтүн, энэ нь Тофет эсвэл Бен-Хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетод булшлах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33 “Энэ хүмүүсийн хүүр нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээж цочоохгүй. 34 Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Йерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”*


  •  7:11 Мт 21:13; Мк 11:17; Лк 19:46
  • a7:12 Шило: Елигийн үед ЭЗЭНий авдар хадгалагдаж байсан газар. (1См 1:3 үз.) Энэ хотыг филистчүүд устгасан бололтой.
  • 7:12–14 Иош 18:1; Дуу 78:60; Иер 26:6
  • 7:18 Иер 44:7–19
  • 7:31 Лев 18:21; 2Ха 23:10; Иер 32:35
  • 7:34 Иер 16:9, 25:10; Илч 18:23